БСШУС-ын сайд Архангай аймагт ажиллав
БСШУС-ын сайд Ж.Батсуурь
2017.05.25

БСШУС-ын сайд Архангай аймагт ажиллав

БСШУС-ын сайдаар томилогдсоноосоо хойш аймаг сум дүүрэг их дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд дээр ажиллаж үйл ажиллагаатай нь биечлэн танилцах, салбарын мэргэжилтэн албан хаагчтай уулзах ажлыг хийж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд зүүн болон Говийн аймгуудад ажиллаж дуусаад одоо баруун аймаг руу орж байна. Энэ дагуу Архангай аймгийн Цэцэрлэг хот Их тамир сумдад ажиллаж эрхэлсэн салбарынхаа ажилтан албан хаагч, суралцагчидтай уулзалт сургууль цэцэрлэг музей номын сангийн үйл ажиллагаатай танилцаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Архангай аймгийн Цэцэрлэг хотод ажиллах үеэрээ 47.7 сая төгрөгийн өртөг бүхий сурагчийн ширээ сандал, номын тавиур, хувцасны шүүгээ, цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын багц, дотуур байр болон үдийн цайны багц зэргийг өгөв. Мөн 112 мянган долларын өртөг бүхий ухаалаг боловсрол төслийн батламж гардуулж, 12-р ангийн сурагчидтай мэргэжилт сонголтын талаар ярилцлаа. Сургууль цэцэрлэг музей номын сан зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцахаас гадна салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт хийж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, боловсролын салбарын бодлого, өөрчлөлт шинэчлэл, тулгамдсан асуудал, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг хэрхэн сайжруулах зэргийг ярилцлаа. Харин багш ажилчдын зүгээс тулгамдсан асуудлаа гарган тавьж шийдвэрлэх боломж байгаа эсэхэд хариулт авав.

STEM  сургалтын хэрэглэгдэхүүний талаар мэдээлэл өглөө

Дэлхийн банкны санхүүжилттэй  БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд  2017 онд  STEM  сургалтын хэрэглэгдэхүүнийг төрийн өмчит  ЕБС-ийн 1-5 ангийн сурагчдад   зориулан  нийт 13,995 багцыг худалдан авч  нийлүүлж байна.   

STEM гэдэг нь Sience Technology Engineering Mathematics гэдэг үгийн товчилсон нэр бөгөөд сүүлийн арван жилд дэлхийд боловсролоороо тэргүүлэгч орнууд  STEM  боловсролыг хөгжүүлэхэд  ихээхэн анхаарал хандуулж байна. Австрали улсын Академуудын зөвлөл (ACOLA) боловсролоороо тэргүүлэгч 23 улс оронд 3 жилийн хугацаатай судлагаа хийж  STEM боловсрол нь  бүтээмж, эдийн засгийн хөгжилд  хэрхэн нөлөөлж буйг судлаад STEM  боловсрол нь бүтээмж болон  эдийн засгийн өсөлт хөгжилтөд хүчтэй нөлөөл үзүүлэгч хөшүүрэг болохыг баталсан байна.

Одоогоор дэлхийд боловсролын чанараар тэргүүлэгч 50 гаруй оронд STEM боловсролын сургалтын хэрэглэгдэхүүнийг үндэсний хэмжээндээ хэрэглэж байна. 

Архангай аймгийн нийтийн номын сангийн үйл ажиллагаа шинэ байранд явагдаж эхэллээ

Архангай аймгийн нийтийн номын сангийн шинэ барилга ашиглалтад оров.Тус барилгын ажлыг 2011 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарлагдаж, гүйцэтгэгчээр “Донж хацу”ХХК шалгаран 400,0 сая төгрөгийн өртгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан хэдий ч барилга угсралтын ажил 92 хувьтай зогссон байсан юм. БСШУСЯ-наас обьектыг байнгын ашиглалтанд оруулахаар 2016 оны улсын төсөвт батлагдсан 142,0 сая төгрөгийг зарцуулах эрхийг орон нутагт шилжүүлсэн. Барилгын дутуу ажлыг аймгийн “Тамирын Цахиур” ХХК гүйцэтгэж өнөөдөр хүлээлгэж өглөө. Номын сангийн нээлтийн арга хэмжээнд олон зочид төлөөлөгчид ирсэн байлаа. “Аймгийн номын санд номын баяжилтанд нь зориулж 3 сая төгрөгийг, сумын номын сангуудад нэг нэг сая төгрөгийг шийдвэрлэж өгнө. Ямар ном эрэлт хэрэгцээтэй байна. Тэр номоо худалдаж аваарай” хэмээн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэллээ.Мөн нийтийн номын сангийн электрон каталогийн программ, соронзон хаалга зэргийг авахад нь аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 10 сая төгрөгийг шийдэж өгсөн байна.