2017.05.17

"Би ирээдүйн их мастер" шатрын тэмцээн болно

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн дэмжлэгтэйгээр шатрын их мастер Т.Батчимэгийн нэрэмжит охид, хөвгүүдийн шатрын анхдугаар тэмцээн энэ сарын 20, 21-ний өдрүүдэд болно. 

Архангай аймгаас гараагаа эхлэх уг тэмцээнд 14 хүртэлх насны охид, хөвгүүд гурван насны ангиллаар оролцож, оюун ухаан, нөөц бололцоогоо дайчлан өрсөлдөх бөгөөд их мастер Т.Батчимэг зэрэг тоглолт хийх юм.

Тэмцээний нээлтийн ажиллагаа 5 дугаар сарын 20-ны 12 цагт Архангай аймгийн Цэцэрлэг хотын спорт сургуульд болж, оролцогчид швейцарь системээр 7 өрөг тоглож, шилдэг шатарчдыг шалгаруулна. 

"Би ирээдүйн их мастер" тэмцээний ангилал тус бүрт эхний таван байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнах төдийгүй сугалаагаар таван хүүхдэд бэлэг өгнө гэж тэмцээнийг зохион байгуулагчид мэдээллээ. 

Тэмцээнийг Архангай аймгийн ЗТДГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Спорт цогцолбор сургууль хамтран зохион байгуулж байна.