Оюунлаг шинэ монголынхоо ирээдүй өөд хамтдаа алхацгаая
"Отгонтэнгэр" их сургуулийн үе үеийн профессор багш, магистрант, докторант, төгсөгчид, ажилтан, хамтран ажилладаг гадаад, дотоодын байгууллагынхандаа төрөлх сургуулийнхаа 20 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрдмийн ариун цагаан буян хурж, цэцэн саруул ухааны үүд үргэлж нээлттэй байхын билэгтэй ерөөл өргөн, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу.
Монголын нийгмийн өөрчлөлтийн анхны жилд тулгын чулуугаа тулж эрдмийн үүдээ нээсэн манай сургууль 21 дэх намраа хичээлийн жилээ эхэлж, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлдэг залуучуудад орчин үеийн дээд боловсрол олгох номын буян дэлгэрсэн ажлаа эхлээд байна.
Манай сургууль ардчилал, зах зээлийн тогтолцоо төлөвшиж буй өдгөө цаг дор тохиолдох эрсдэл бэрхшээлийг гэтлэн давж, профессор багш нарын хүчтэй багуудаас бүрдсэн сургалт-судалгааны ажил эрхлэн явуулдаг олон төрөл мэргэжлийн тэнхимүүдтэй, бакалавр, магистрант, докторантурын сургалт-эрдэм судлалын ажил эрхлэх эрдмийн чадамж, орчин үеийн менежмент бүхий их сургууль болж өсч хөгжиж байна. Сургуулийнхаа хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хөдөлмөр бүтээл, ажил, сурлагын амжилтаараа үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн багш. ажилтан, ажилчид, төгсөгчдөдөө юуны өмнө талархал илэрхийлье. ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, МУИС, УБИС, ХУИС, ЭМШУИС, МУБИС болон Япон, Герман, Щвейцарь, АНУ-ын их сургууль, эрдэм судлалын хүрээлэнгүүдтэй хамтарч, эрх зүй, эдийн засаг, хэл, хүмүүнлэгийн салбарын тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хурлуудыг уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм судлалын ажлынхаа нэгэн шинэ хандлагаа бид үргэлжлүүлэх болно.
ОТИС-ийн багш нар, төгсөгчдийн дундаас УИХ-ын гишүүн, төрийн сайд тав, Үндсэн хуулийн цэцийн гищүүн дөрөв, гавъяат цолтон найм, шинжлэх ухааны доктор хоёр, боловсролын доктор найм тодрон гарч, төр засгийн өндөр зэрэглэлийн алба хашиж, төрийн хайр, шагнал хүртсэнийг бид сургуулийнхаа бахархан дууриаж дурсах үйл явдлууд гэж зүй ёсоор үнэлэн үздэг юм.
Эх орныхоо хөгжлийн түлхүүрийг гартаа атгасан өнөөдрийн оюутан, ирээдүйн сэхээтэн Та бүхэн төрөлх сургуулийнхаа түүхийг үргэлжлүүлэн алдар нэр, авъяас чадвараараа бусдыг манлайлан хошуучилж, үеийн үед дуурсагдах гавъяат үйлсийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэ бүх амжилт, бахархал бол манай хамт олны нөр их хөдөлмөр, бүтээлийн үр дүн гэдгийг дурьдахад сэтгэл хөдлөм, сайхан байгаа бөгөөд эрдэм мэдлэгийн мөр хөөсөн залуучуудын оюун санааны татах төв болж тэдний эрдэм чадвар, авъяас билэгийг хөгжүүлж өнөө, ирээдүйнх нь амьдралыг баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн болгох нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарласан "Отгонтэнгэр" их сургуулийн эрдэм ухаан дэлгэрч, номын цагаан буян хурж, хүмүүнийг гэгээрэлд ергөх зам мөр маань өлзийтэй байх болтугай. Оюунлаг шинэ Монголынхоо ирээдүй өөд хамтдаа алхацгаая!