Даралтат хөгжмийн  аялгуун дор болсон сумын сургуулийн нээлтэд Шадар сайд оролцлоо
2011.09.02

Даралтат хөгжмийн аялгуун дор болсон сумын сургуулийн нээлтэд Шадар сайд оролцлоо

Орон нутгийн сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг сонирхохоор Төв аймгийн Аргалант, Баянхайрхан сумыг зорив. Есдүгээр сарын нэгний өглөө сургуулиа зорих багачууд монгол дээлээр гоёсон эцэг эхтэйгээ мотоцикл болон ачааны «Портер» автомашин хөлөглөн сургуулийн зүг хөврөх нь цаанаа л нэг эгдүү  хүргэнэ. Нэгдүгээр ангид элсэн суралцах багачуудын зарим нь нойрмоглон, гэрийн зүг явахаар тэмүүлж аав, ээжийгээ сандарган уйлагнаж байхад нөгөө хэсэг нь шинэхэн цүнх, хичээлийн хэрэглэлээ байн байн харж, сурагч формоо засаж зогсох нь үнэхээр өхөөрдмөөр байв.

Аргалант сумын хичээлийн шинэ жил 8:00 цагт эхэлж, сургуулийн сургалтын менежер н.Энхтуяа нээлтийг хийгээд сурагч, багачуудад сурлага хөдөлмөрийн амжилт хүсэн ерөө-лөө. Сургуулийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга М.Энхболд оролцсон нь сургуулийн хамт олон, сурагч, эцэг эхчүүдэд гэнэтийн бэлэг болж чадсан юм. Хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон Шадар сайд М.Энхболд нээлтэд оролцож буй багш, сурагч, эцэг эхчүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргээд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэв. Мөн тэрбээр энэ жил зориуд сумын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож буйгаа хэлээд Монгол Улсын Засгийн газар бодлого үйл ажиллагааныхаа хөгжлийн чиглэлийг боловсролын салбар руу хандуулж байгааг
дуулгана лээ.

Энэ оны хичээлийн шинэ  жилд  улсын  хэмжээнд  24 сургууль,  33 цэцэрлэг, долоон дотуур байрыг барьж  ашиглалтад оруулжээ. Түүнчлэн 760 сургуульд 514 мянга 700 сурагч, 71 сур-галт үйлдвэрлэлийн төвд 53 мянга 300 залуу, их дээд сургуульд 36 мянган оюутан, 37 мянган сурагч ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн суралцаж байгааг Шадар сайд нээлтийн үеэр онцолж байв. Хичээлийн шинэ жилийн нээлтэд зочилсон Шадар сайд М.Энхболд Аргалант сумын сургуульд цахим сургалтын кабинет байгуулж өгнө гэдгээ амлаж батламжийг нь гардуулсан юм. Мөн сургуулийн захиргаанд иж бүрэн компьютер, хичээлийн сурах бичгийг бэлэг болгон өгөв. Харин Төв аймгийн явуулын номын санг ажиллуулах пур-гон автомашины түлхүүрийг аймгийн Төв номын сангийн эрхлэгч А.Ням-Одод гардуулж, хүүхэд багачуудыг үргэлж номын ертөнцөөр аялуулж байхыг захиж байлаа.

Аргалант сумын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон Төв аймгийн ИТХ-ын дарга Ж.Батжаргал аймгийн зүгээс сурагчдын сурч боловсрох сургалтын орчин нөхцөлийг сайжруулж, багш боловсон хүчний асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгааг хэлж байсан. Аймгийн хэмжээнд энэ жил 14 сургуульд их болон урсгал засвар хийснийг дуулгаад багш сурагчдад өмнөх оны амжилтаа бататгахыг хүсэн ерөөлөө. Ийнхүү хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа дуусаж, хонхны дуугаар сурагчид анги ангидаа орцгоосон юм. Хүүхэд багачуудаа сургуулийн алтан босгыг алхуулсан аав, ээж нар «Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа үнэхээр сайхан боллоо. Бидний хүүхдүүд энэ жил амжилт бүтээл өндөр байж, ихийг сурч мэднэ байх» хэмээн сэтгэл хангалуун гэрийн зүг алхацгаасан. Даралтад хөгжмийн намуухан аялгуун дор болсон сумын сургуулийн нээлтэд ганган чамин хувцас өмсөж, үнэтэй автомашин унасан эцэг эхчүүд, хүүхэд багачууд байгаагүй ч цаанаа л нэг сэтгэл өег, халуун дулаахан дотно болж өндөрлөсөн. Нээлтийн ажиллагааны дараа Шадар сайд М.Энхболд нэг, есдүгээр ангиудаар орж, хичээлийн анги танхимыг үзэж сонирхон сурагчдад хичээлийн хэрэглэл, биеийн тамирын хослол бэлэг болгон өглөө.


Баянхангай сум комбайн, техник хэрэгслээ банкны өрөнд тавиад туучихжээ

Аргалант, Баянхангай сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд оролцсон Шадар сайд сум орон нутгийн ажил байдалтай танилцсан юм. Баян-хангай сумын Засаг дарга Х.Түвшинжаргал сумынхаа талаар товч мэдээлэл хийв. Энэ жил тус сум 14 мянга 822 мал тоолуулсан байна. Атаржсан талбай ихтэй Баянхангай суманд атрын аж ахуй эрхлэх боломж өндөр байдаг ч техник хэрэгсэлгүй болсноос өдгөө атрын аянг дорвитой өрнүүлж чадахгүй байгаа аж. 146 мянга 100 га талбайд тариалалт хийдэг байсан энэхүү суманд ашиглаж

байсан комбайн, техник хэрэгслийг олон жилийн өмнө «ХААН» банкны өрөнд өгч сум гар мухар үлджээ. Харин одооноос л сумын иргэд хоршоо, баг болон тариалалт эрхэлж байгаа гэдгийг сумын Засаг дарга хэлж байлаа. Мөн тус суманд үлийн цагаан огтонын асуудал толгойны өвчин болоод байгаа аж. Нийт нутаг дэвсгэрийн 80 хувьд нь тархсан үлийн цагаан огтоны тоо толгойг багасгахын тулд малчид, хөдөлмөрчид чамгүй ажиллаж байгаа ч төдийлөн буурахгүй байгаа юм байна. Шадар сайд М.Энхболд Аргалант, Баянхангай суманд ажиллах үеэрээ сумын иргэдтэй уулзаж, Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөөг мэдээлж, иргэдийн санал сэтгэгдлийг сонсов., Уулзалтын үеэр хоёр сумын иргэд, хөдөлмөрчид «Хүний хөгжил сан»-гаас олгогдох мөнгө, тариалалт эрхлэх техник хэрэгслийг шинэчлэх талаар хийгдэж байгаа ажил зэргийг асууж, тодруулж байв. Түүнчлэн иргэд хөдөө орон нутагт 100 мянган айлын орон сууц гэж байхгүй. Тиймээс бид энэхүү мөнгийг авч чадахгүй үлдэж магадгүй байна. Энэ асуудлыг орон нутагт хашаа, байшин барчих зэрэгт өгч болдоггүй юм уу, үүнийг Засгийн газарт уламжилж өгөөч хэмээн Шадар сайдаас хүсэж байлаа.


Нэг га талбайгаас улсын дунджаас хоёр дахин илүү ургац авна

Төв аймаг энэ жил 100 гаруй мянган тонн үр тариа хураан авах зорилттой ажиллаж байгаа аж. Өнгөрсөн жилийнхээс 20 гаруй мянган тонноор илүү ургац авахаар ажиллаж буй тус аймгийн Аргалант сумын «Тусчин» ХХК-ийн тариан талбайгаар Шадар сайд зочилсон. Тариагаа хадаж эхэлж буй тус компанийнхан энэ жил 286 га талбайд улаан буудай тариалсан байна. Тэд нэг га талбайгаас улсын дунджаас нэг дахин илүү ургац авна хэмээн сэтгэл хангалуун ажиллацгааж байсан юм. Энэ зун бороо хур элбэгтэй байсан нь ургацад сайнаар нөлөөлсөн гэдгийг ч компанийн ажилчид Шадар сайдад уламжилж байлаа. Энэ үеэр Төв аймгийн ИТХ-ын дарга Ж.Батжаргалаас ургац тариалалт, хураалтын ажлын талаар тодруулсан юм. Тэрбээр «Төв аймаг энэ жил 54 мянган тонн төмс, 13 мянган тонн хүнсний ногоо хураан авч аймгийн болон улсын хэрэгцээнд нийлүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хавар тариалалт хийхэд дизель түлшний хомсдол багагүй чирэгдэл учруулсан. Харин ургац хураалтад энэ асуудал ямар нэгэн саад болохгүй байх гэдэгт итгэлтэй байгаа, энэ талаар холбогдох албаныхантай ярьж тохиролцсон» гэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.