2011.06.10

Л.Болдын хөрөнгө оруулалт “ургацаа” хураана

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд тойргийн хөрөнгө оруулалтын хүрээнд Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд Агропарк байгуулжээ. Энэ нь иргэдэд газар тариалан эрхэлж, хүнсний хэрэгцээгээ хангах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт юм байна.

Нийт 15 га ил талбай, 20 хүлэмж, гүний худгууд, усалгааны систем, 100 тоннын багтаамжтай зоорь, агуулах, трактор, машин тоног төхөөрөмж зэргээс бүрдсэн агропарк 400 гаруй сая төгрөгийн өртгөөр бүтсэн аж. Энд жил бүр 100 өрх тус бүр 0.1 га талбайд төмс, хүнсний ногоо, хүлэмжийн нарийн ногоо тарьж ургуулан үр шимийг нь өөрсдөө хүртэх юм байна. Энэ жил анхны тариалалтаа хийж буй агропаркд өнөөдрийн байдлаар Хан -Уул дүүргээс хэрэгжүүлдэг “Эмзэг бүлгийн хүнсний хангамж”  хөтөлбөрийн 30 өрх, бусад 70 өрх гээд нийтдээ 100 өрх тариалалт хийжээ. Нэг өрх наад зах нь нэг сая төгрөгийн ашиг олно гэж тооцоолж байгаа тухай 16 дугаар хорооны иргэн Д.Эрдэнэбулган ярьж байна. Тэднийх зургаан ам бүлтэй аж. Нэг өрх айл дунджаар дөрвөн ам бүлтэй гэж тооцбол ямар ч байсан 400 хүнд орлого бий болгох агропаркийн үйл ажиллагаатай Л.Болд өчигдөр танилцсан юм. Тэрбээр хүнсний аюулгүй байдал дэлхий нийтэд хурц асуудал болж байгааг Германд дэгдсэн халдварт өвчинтай холбон тайлбарлаад Монгол Улс өргөн уудам газар нутар, эрүүл хөрс шороотой атлаа хүнсний ногоогоо гаднаас импортлох нь зохисгүй гэж үздэгээ хэллээ. Харин Хан-Уул дүүргийн иргэд хүнсний ногоогоо эх орны хөрсөнд ургуулж, өрхийн хэрэглээгээ өөрсдөө хангаад зогсохгүй нэмэлт орлогын эх үүсвэр, ажлын байртай болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Цаашид эдийн засаг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ мэт асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ ч илэрхийллээ.

Агропаркийн ерөнхий менежер Х.Цэдэнбалын ярьснаар хүлэмжээс хоёр хоногийн дараа улаан лууван хурааж авахад бэлэн болжээ. Мөн намар 30 гаруй тонн өрөгст хэмхийг хурааж авах гэнэ. Агропаркт тариалан эрхэлж байгаа иргэдэд сургалт явуулах, инкубаторын үйлчилгээ, арга зүйн тусламж үзүүлэх, үнэгүй үрсэлгээгээр хангах зэрэг ажлыг УИХ-ын гишүүн Л.Болдын бие төлөөлөгчийн газар цаашид дэмжин ажиллахаар болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.