Эрүүл хүнсний зориулалттай сав үйлдвэрлэж байна
2017.05.25

Эрүүл хүнсний зориулалттай сав үйлдвэрлэж байна

Иргэд ахуйн хэрэглээний ундны ус, сүү тараг, айраг, жүүс зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, зөөж тээвэрлэхдээ хүнсний бус зориулалттай төрөл бүрийн өнгөтэй сав хэрэглэдэг.

Энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөгийг эрдэмтэд тогтоосон байна. Тэгвэл импортыг орлох, эрүүл мэндэд хор нөлөөгүй хуванцар савыг дотооддоо үйлдвэрлэж байна. Хотын даргаар ахлуулсан баг өчигдөр СХД-ийн 22 дугаар хороонд байрлах “Аргил Сувд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.  

Тус компани нь 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 20 литрийн хуванцар сав нь хоёр талдаа бариултай, их бие болон тагийг хүнсний зориулалттай өндөр нягттай полиэтилэн материалаар хийсэн, кранттай жижиг цорготой учраас шингэнийг юүлэхэд илүү хялбар зэрэг давуу талтайг албаныханд танилцуулсан юм. Хуванцар савыг 20 мянган төгрөгөөр супермаркетуудаар худалдаалдаг байна. Энэ нь иргэдэд арай үнэтэй тусдаг учраас нийслэлийн зүгээс олноор нь худалдан авч, иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг эхлүүлбэл компанийн зүгээс үнээ хямдруулах боломжтой хэмээн “Аргил Сувд” ХХК-ийн захирал И.Алтанхуяг ярилаа.