Гоо сайхан, сав баглаа боодол, барилгын материал зэрэг есөн салбарыг дэмжинэ
2017.05.17

Гоо сайхан, сав баглаа боодол, барилгын материал зэрэг есөн салбарыг дэмжинэ

Энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ж.Эрдэнэбат хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаарх бодлогын хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын нийт үйлдвэрлэл 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 9,9 их наяд төгрөг болж өмнөх оныхоос 14,1 хувиар өссөн байна. Өнгөрсөн онд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийт 2 000 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 48 000 хүн ажлын байртай болжээ.

Монгол Улс хөнгөн үйлдвэрлэлийн салбар дотор 14 дэд салбарыг хамарч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдгаас тэргүүлэх салбар нь ноос ноолуур, арьс шир, оёдол, мод модон эдлэл байдаг. Энэ жил Засгийн газраас арьс шир, гоо сайхны бүтээгдэхүүн, сав баглаа боодол, барилгын материал зэрэг нийт есөн салбарыг голлон анхаарал хандуулж байна.

Тухайлбал, гоо сайхны бүтээгдэхүүний бараа эргэлт 230 орчим сая төгрөгт хүрсэн бол сав баглаа боодлын үйлдвэрлэл 70 орчим тэрбум төгрөгт эргэлдэж, дотоодын хэрэгцээний 20 хувийг хангаж байна.  

Засгийн газраас Сав, баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгон, түүхий эдийн гаалийн татварыг бууруулах арга хэмжээ аваар ажиллаж байгаа аж. 

Хөнгөн үйлдвэрлэлийн гол салбаруудын өнөөгийн байдал, хүчин чадлын талаар товч дурдъя.

НООС, НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР:

Засгийн газар “Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Манай улсын ноолуур боловсруулах үйлдвэрүүд жилд 12,980 тн ноолуур угаах, 4,606 тн самнах, 1,280 тн утас ээрэх, 2,8 сая ширхэг сүлжих, 1868 м нэхэх хүчин чадалтай. Гэвч хүчин чадлынхаа 70 хүртэл хувийг ашиглаж байгаа юм.

АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР:

2016 оны жилийн эцсийн байдлаар 4,3 сая ширхэг арьс хагас, 1,6 сая ширхэг арьс гүн боловсруулжээ. Энэ нь боловсруулалтын түвшин 12 хувиар өссөн үзүүлэлт юм. Засгийн газар арьсны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 80 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮН, ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР:

Оёдлын үйлдвэрүүд жижгэрч, хүчин чадал муу байгаа тул оёдлын үйлдвэрүүдийг кластер байдлаар хөгжүүлэх, франчайз үйлдвэрлэлийг нутагшуулан, экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг дэмжих хөтөлбөр боловсруулжээ.

МОД, МОДОН ЭДЛЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР:

2016 оны жилийн эцсийн дүнгээр 199 тэрбум төгрөгийн мод, модон эдлэлийн үйлдвэрлэл явуулжээ. Өнөөдөр мод, модон материал, тавилгын үйлдвэрлэл дотоодын хэрэгцээнийхээ 45 хувийг хангаж байна.