2017 онд 268 мянган тонн төмс, хүнсний ногоо, 4 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.04.21/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ энэ оны хаврын тариалалтын зорилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дурдсан юм.
2017 оны хаврын тариалалтын зорилт
- 381.6 мянган га-д үр тариа /үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай/
- 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо
- 23.2 мянган га-д тэжээлийн таримал
- 28.6 мянган га-д тосны ургамал
- 1.0 мянган га-д жимс, жимсгэнэ нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийнэ.
- 477.6 мянган тонн улаан буудай
- 166.5 мянган тонн төмс
- 102.1 мянган тонн хүнсний ногоо
- 46.4 мянган тонн малын тэжээл
- 22.8 мянган тонн тосны ургамал
- 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлээд байна.
Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тосны ургамлын болон тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж, иргэн; төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар дор бүрнээ бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн улаанбуудайн үр шаардагдана. Одоогоор 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдсэн бөгөөд 4.1 мянган тонн буудайн үр дутагдаж байгааг зохицуулсан. Тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж дугаарлан стандартад тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажил хийж байна. Төмсний тариалалтад нийт 39.5 мянган тонн үрийн хэрэгцээ байгаа бөгөөд аж ахуйн нэгж, хоршоо, иргэд хэрэгцээт үрээ бүрэн нөөцөлжээ.
Хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрсдийн зардлаар шинэчлэхээр хүсэлт ирүүлсэн найман аж ахуйн нэгжид 820 тонн үрийн буудайг импортоор авах зөвшөөрөл олгоод байна.
Вирусгүй бичил булцуунаас төмсний 32 тонн супер элит үр үйлдвэрлэж, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан үр шинэчлэлд зориулан олгоод байна. “Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл ба маркетинг” төслийн хүрээнд 75 тонн сонгины үрийг Голланд улсаас импортлохоор гэрээ хийлээ.
Газар тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах 20.4 мянган тонн дизелийн түлшийн нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 40 хувийн, 4200 тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаа олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэлээ.
Хаврын тариалалтад 2980 зүтгэх хүчний трактор, 2017 үр тарианы үрлүүр, 5787 хөрс боловсруулах техник, 498 төмс, хүнсний ногооны үрлүүр ажиллана. Одоо техникийн засвар, үйлчилгээний ажил аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцан дуусах шатандаа орж байна.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмж худалдан авах, 7.9 мянган га талбайг услах хүчин чадал бүхий усалгааны тоног төхөөрөмж, бороожуулагч машиныг үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалан эрхлэгчдийн захиалгын дагуу нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 125 мянган морины хүчтэй трактор, услалтын намираа систем, хүнсний ногооны үрлүүр, үрсэлгээ суулгагч, хөрс боловсруулах техникийг тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, 4 жилийн хугацаатай зээл олгож байна.
Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон холбогдох хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны зориулалттай 197.5 мянган тонн багтаамжтай 9700 гаруй зоорь ашиглаж байгаа нь хүн амын хэрэгцээг бүрэн хангах зорилтот ургацын 56 хувийг хадгалах боломжтой гэсэн үг.
Иймд Улаанбаатар хотод 10.0 мянган тоннын багтаамжтай агуулах бүхий хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах, томоохон аймгийн төв болон төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн голлох сумдад тус бүр нь 1000 тонн багтаамжтай 12 зоорь барина. Мөн "Эдийн засгийг сэргээх" хөтөлбөрийн хүрээнд 5 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах төсөл боловсруулсан.
Шинээр байгуулах зоорь, худалдааны төвүүдийг түшиглэн төмс, хүнсний ногоо хадгалан борлуулах логистик сүлжээ байгуулж, ногоочдын борлуулалтыг дэмжих, гуравдагч дамжлагыг багасгах, хэрэглэгчдийг аюулгүй бүтээгдэхүүнээр хангана.
Хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийг нэмэхэд залуусыг татан оролцуулах, ахмад ногоочдын туршлагыг залуучуудад өвлүүлэх зорилгоор “Залуу тариаланч” төслийг боловсруулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжинэ.
Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр “Жимс, жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” төсөл хэрэгжүүлэхээр болж, хүйтэнд тэсвэртэй алим, чавганы суулгацыг турших, нутагшуулах, мэргэжилтний чадавхыг сайжруулах ажил эхэллээ. Газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицид, химийн бордооны жагсаалт болон тэдгээрийг хэрэглэх тун, хэмжээг гарган хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байна.
Таримал ургамлын ургацыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үр ариутгалын бодис 10 тонн, тарилтын үеийн хог ургамал устгах ургамал хамгааллын бодис 11.5 тонн, 130.0 мянган га талбайд химийн уринш боловсруулахад шаардагдах гербицид 500 тонн, нийлмэл бордоо 5000 тонн тус тус нийлүүлж, тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлтэй олгохоор ажиллаж байна.
2017 оны дулааны улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр газар тариалангийн бүс нутагт агаарын температур 4-5 сард сэрүүвтэр, 6-8 сард уур амьсгалын дунджаас дулаан буюу халах магадлалтай байх тул хуурайшилт нэмэгдэх төлөвтэй. Иймд хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан байгаль, цаг уурын болзошгүй эрсдлээс сэргийлэх замаар дэвшилтэт техник, технологи, арвин их мэдлэг, туршлагадаа түшиглэн тариалалтаа хийх шаардлагатай байна.