Д.Тэрбишдагва: Би Засгийн газрыг ойлгохгүй байгаа
УИХ-ын гишүүнд Д.Тэрбишдагва
2017.02.15

Д.Тэрбишдагва: Би Засгийн газрыг ойлгохгүй байгаа

УИХ-ын гишүүнд Д.Тэрбишдагваас дараахь тодруулгыг авлаа.

-УИХ-ын намрын чуулганы хугацаанд “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-өөс өгсүүлээд эрх баригч намын тавьж байсан зорилтууд хэр биелэгдэв? Үр дүнгийн тухайд та юу хэлэх вэ?

-Намрын чуулганаар олон чухал асуудал хэлэлцлээ. Эдгээрээс хамгийн чухал нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” юм. Засгийн газраас боловсруулагдан орж ирсэн хөтөлбөрийг УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан, нэлээд сайжруулж батлуулсан. Эдийн засгийг сэргээх хөтөлбөр дээр хэд хэдэн асуудал байгаа юм. Үнэхээр эдийн засгийг сэргээхийн тулд ямар ажлаас нь эхлэх вэ гээд ярихад том төслүүд нэрлэгддэг. Гэвч том төслүүдийг Засгийн газрын зүгээс шууд эхлүүлчихсэн зүйл одоогоор алга.

Уг нь энэ хөтөлбөрийг Засгийн газрын гишүүд өглөө ажилдаа ирэхдээ ширээн дээрээсээ аваад уншдаг, орой ажил тарахдаа ямар заалтууд нь ажил хэрэг болж байна гэдгийг дахин нягтлаж харах учиртай гарын авлага юм. Яам нь энэ хөтөлбөрт тусгагдсан заалтуудад нийцсэн ажлыг эхлүүлж, тодорхой үр дүнд хүрсэн байх ёстой. Ингэж байж УИХ, Засгийн газрын зорилтуудын үр дүн гарна.

-Байнгын хорооны зүгээс яамдтай энэ асуудлаар хэрхэн хамтран ажилласан бэ?

-Эдийн засгийн байнгын хороо 5-6 яамтай чиг үүргийн хүрээнд холбоотой ажилладаг. Эдгээр яамдынхаа оруулж ирсэн хуулийн төслүүдийг бид дэмжихээс гадна үйл ажиллагаатай нь танилцаад явж байна. Үүгээрээ “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” хэрхэн хэрэгжиж байгааг харж, холбогдох чиглэл өгч ажиллалаа.

-Тавантолгой төслийн гэрээг энэ намрын чуулганаар амжуулж оруулаагүй шалтгаан юунд байна вэ?

-Засгийн газрыг би ойлгохгүй байгаа юм. Тавантолгой төслийн гэрээг намрын чуулганаар оруулах ёстой байсан. Гэтэл өнөөг хүртэл Засгийн газраас УИХ-д нэг гэрээний төсөл оруулж ирэх гээд байгаа юм уу, хэд хэдэн хувилбар хэлэлцүүлэх үү гэдэг нь ойлгомжгүй хэвээр байна. Миний бодлоор Засгийн газраас Тавантолгойн гэрээний 3-5 хувилбар оруулж ирэх учиртай. Эдгээрээс Монгол улсын эдийн засагт хамгийн их өгөөжтэй хувилбарыг УИХ сонгож батлах ёстой. Яг одоогийн байдлаар Тавантолгойн 49 хувийг Хятадын “Шинхуа”, 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, Монголын “Энержи Ресурс” компани эзэмшинэ гэсэн байр суурийг л Засгийн газраас илэрхийлж байгаа. Түүнээс биш тодорхой саналуудаа УИХ-д оруулж ирсэнгүй. Энэ бол маш харамсалтай зүйл. Эдийн засгийг сэргээх хөтөлбөр доторхи хамгийн чухал заалт нь Тавантолгойг хөдөлгөх байсан.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авлаа гэхэд дараагийн гарц нь юу байх бол?

-“Тунгалаг тамир” киноны улаан хувьсгалт Доржийн жишээг хар. Нийгэмд байгаа бүхнийг хувьчилдаг байсан Дорж өнөөдөр капиталист, эсвэл зэрлэг Дорж болчихоод байна. Манай улсад одоо бүгдийг нь нийгэмчлээд, комминуст болгоё, эсвэл бүх төрийн өмчөө хувьчилъя гэсэн яриа хөвөрч байна. Уг нь зах зээлийн эдийн засаг гэдэг нь өөрөө төрийн зохицуулалттай, нийгмийн баримжаат зах зээл байхаар Үндсэн хуулиндаа тусгаж өгсөн. Тиймээс ч өнөөдөр төр тодорхой асуудлаа шийдвэрлэлээ. Гэхдээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр тэр чигт нь эзэмшиж болохгүй. Хууль дүрмийнх нь дагуу Засгийн газар асуудлыг УИХ-аар оруулан ААН, иргэдэд хэрхэн арилжаалах вэ гэдгээ шийдүүлэх учиртай. Миний ойлгож байгаагаар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг цаашид төр эзэмшинэ. Харин 49 хувийн энгийн хувьцааг нээлттэй арилжиж болно. Үүн дотор “Монгол зэс” корпораци, Худалдаа хөгжлийн банк ч багтаж болно. Гол учир нь, өмнөх Засгийн газар УИХ-аар оруулахгүйгээр шийдвэр гаргаж, хувийн хэвшилд  худалдан авах давуу эрх олгочихсонд л байгаа юм. Үүнд хувийн хэвшлийг буруутгахад ч хэцүү байна.

Ж.МЯДАГБАДАМ