Д.Ганхуяг гишүүн нийслэлийн асуудлаарх санал дэмжигдлээ
- Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг үүрэгдлээ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2011.01.03/ хуралдаанаар Д.Ганхуяг гишүүн нэг асуудал нэмж хэлэлцүүлэхээр санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ. Тэрбээр хотын тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх хуулийн төслүүдийг яаралтай УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан Байнгын хорооны тогтоол гаргах санал гаргасан. Эрхэм гишүүн УИХ-ын тогтоол гэж сүржигнэлгүй Байнгын хорооноос тогтоол гарган Засгийн газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Д.Ганхуяг гишүүн нийслэлийн асуудлаар хоёр ч удаа Засгийн газарт асуулга тавьсан билээ. Тэрбээр Байнгын хорооны хуралдаан дээр, “XXI зуун гарчихаад байхад нийслэлээ хот төлөвлөлтгүй хөгжүүлж байгаа орон ганцхан Монгол л байна. Хотод шийдвэрлэх асуудал тун олон байгаа. 500 мянган хүн амьдрахаар төлөвлөсөн газарт 1.5 сая буюу гурав дахин олон хүн амьдарч байна Таван литрийн бидонд 15 литр ус хийх гээд байгаатай адил шүү дээ. Дэд бүтцийг нь байгуулаагүй байж оюутны хотхон байгуулах, шинэ онгоцны буудал барих гэх зэрэг асуудал яригдаж байна. Энэ бүхнийг нэг мөр шийдэх учиртай” гэж хэлсэн юм. Ингээд Д.Ганхуяг гишүүний саналыг гишүүд дэмжсэн бөгөөд Нийслэл хотод тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх зорилтын хүрээнд Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Байнгын хорооны тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт даалгалаа.