2011.09.02

Мэндчилгээ

Монгол Улсын барилгын салбар үүсэж хөгжсөн 85 жилийн түүхт ойг тохиолдуулан барилгын салбарын нийт ажилтан, манай орны бүтээн байгуулалтад гар бие оролцон хөдөлмөрлөж байгаа гадаад, дотоодын нийт барилгачид, барилгын салбарын алдар гавъяатан, ахмадууд та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан барилгын салбарын өмнө тавигдаад байгаа зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд тус яамнаас барилгын салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох,  норм, норматив баримт бичгүүд, стандартуудыг шинэчлэн олон улсын төвшинд хүргэх, барилгын мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, төв орон нутагт барилгын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг олноор байгуулж, материаллаг баазыг бэхжүүлэх, барилгын материалын үндэсний үйлдвэрүүдийг шинээр байгуулах, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, барилга байгууламж, материал, хийц эдлэлийн чанарыг сайжруулж, бат бэх, аюулгүй ажиллагааг хангахад онцгойлон анхаарч байна.

"Орон сууцны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийг УИХ-аар батлуулж, "Хот, суурингийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, "Барилгын тухай", "Хот байгуулалтын тухай" хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, "Хотыг дахин хөгжүүлэх тухай" хуулийн төслийг боловсруулж байна. Барилгын норм, норматив баримт бичгүүдийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулж байна. Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн тогтоолоор "Барилга угсралтын ажилчдын мэргэжлийн үндэсний стандарт", "Барилгын машин механизмын мэргэжлийн ажилчдын стандарт"-ыг батлуулсан ба "Зураг төсөл, барилгын материалын үйлдвэрийн ажилчдын мэргэжлийн үндэсний стандарт"-ыг батлуулахаар ажиллаж байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтууд, УИХ, Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд өрнөх бүтээн байгуулалтын ажлыг үндэсний үйлдвэрийн барилгын материалаар хангах нь манай яамны үндсэн зорилтын нэг.

Үүнтэй холбогдуулан "Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр тэргүүн ээлжид дотоодын үйлдвэрүүдээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээний жагсаалтад барилгын материалын 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамрууллаа. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан түүхий эдийн нөөц нь судлагдаж, тогтоогдсон орон нутгийн орд газруудыг түшиглэн эхний ээлжид бүх аймагт барилгын чулуу бутлан ангилах үйлдвэр байгуулж, түүнийг түшиглэн бетон зуурмаг, хийц эдлэлийн үйлдвэр байгуулах, шохойн чулууны ордод түшиглэн цементийн, дулаан тусгаарлах материалын түүхий эд бүхий аймгуудад эрдэс хөвөн, перлит, алевролит, керамзитийн төрлийн дулаан тусгаарлах материалын үйлдвэр, төмрийн хүдрийн нөөц бүхий аймгуудад ган туйван, металл хийцийн, төмөр замын шинэ магистрал шугамыг барилгын материалаар хангах зорилгоор Дорноговь, Дорнод аймагт дэр бетон, цахилгаан дамжуулах хүчитгэсэн бетон шонгийн, Улаанбаатар, Дархан болон томоохон бүсийн төвүүдэд Барилгын машин механизм, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар, угсралт, сэлбэгийн үйлдвэр, барилгын материалын бөөний худалдааны томоохон сүлжээ байгуулахаар төлөвлөж байна.
Хөтлийн "Цемент-Шохой" Хувьцаат компаний цементийн үйлдвэрийг хуурай аргад шилжүүлэх технологийн шинэчлэлтийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн барилга угсралтын ажлыг эхлүүлж, Дорноговь аймагт 1.0 сая тонн, Баянхонгор аймагт 50.0 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын үйлдвэрийг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

"Хөх ган" ХХК нь Орхон аймагт жилд 30 мянган тн төмрийн хүдэр боловсруулан 80-90 хувийн агууламжтай ангижруулсан төмөр үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулан үйл ажиллагаагаа эхлээд байна. Дундговь, Говьсүмбэр, Дорнод аймагт 4-12 тоннын хүчин чадалтай ган бөмбөлөгийн болон төмөрлөгийн үйлдвэр байгуулагдлаа.
Барилга байгууламж, материал, хийц эдлэлийн чанарыг сайжруулах үүднээс 6.23 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр аймгийн төвүүдэд болон нийслэлд барилгын материалын сорил шинжилгээний иж бүрэн лаборатор байгуулах зорилт тавин, Улаанбаатар хотод барилгын материалын сорил шинжилгээний нэгдсэн лабораторийн барилгын ажлыг эхлүүлэн 2013 онд иж бүрнээр нь барьж дуусгахаар төлөвлөж байна. Иргэдийг орон сууцжуулах зорилгоор Засгийн газраас баталгаа гарган Монгол Улсын Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээс жилийн зургаан хувиас хэтрүүлэхгүй хүүтэй орон сууцны урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийг олгохоор Монгол Улсын Хөгжлийн банк, Монгол банк, Сангийн яамтай хамтран ажиллаж байна.

"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Буянт-Ухаа, Яармаг, Баянголын ам, 7,14, Монголын Үндэсний олон нийтийн Радио, телевизийн орчмын болон Ирээдүй орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ, орон сууц барих ажлыг эхлүүлэхээр шийдвэрлээд байна. Энэ ажлын хүрээнд гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 7, 14-р хороололд нийтдээ 2592 айлын орон сууцыг инженерийн дэд бүтцийн хамт барих, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах ажлыг эхлүүлж, "Шинэ Яармаг" орон сууцны цогцолбор хорооллын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 300 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг гаргах асуудлаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжсэн шийдвэр гаргууллаа.

Мөн Буянт-Ухаа орон сууцны хороололд 2000 айлын орон сууцыг дэд бүтцийн хамт барихаар төлөвлөж, эхний блокийн долоон барилгын угсралтын ажлын тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Дээр дурдсан томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд 2016 он гэхэд үндэсний чадамж бүхий барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл бий болж, 100 мянган айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулснаар нийт хүн амын 30 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдрах нөхцөл бүрдэнэ. Төр засгаас барилгын салбарын талаар гаргасан хууль, тогтоомж, дэвшүүлсэн зорилтууд, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үйлсэд та бүхнийг идэвх санаачилгатай оролцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Сайн үйлс дэлгэрч,барилгын салбар амжилт бүтээлээр арвин байх болтугай.
Монгол улсын их хурлын гишүүн,
Засгийн газрын гишүүн, зам, тээвэр, барилга
хот байгуулалтын сайд Х.Баттулга

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.