2011.10.11

Д.Тэрбишдагва: Эмнэлэг байтугай хорооны цогцолбор барих ч газар олдохгүй байна

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.
-Танай тойргийн иргэдтэй уулзахад сонгуульд өрсөлдөхдөө амласан амлалтаа биелүүлээгүй гээд гомдолтой байна. Та энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?
-2008 оны сонгуульд МАН тухайн үеийн МАХН/-аас нэр дэвшсэн. Тэр үед намынхаа мөрийн хөтөлбөрийг иргэд сонгогчидтой уулзалт хийхдээ тайлбарлаад ярьж явсан. Аливаа улстөрийн хүчин ирэх дөрвөн жилийн хугацаанд ямар бодлого баримтлах, улс орныг хэрхэн хөгжүүлэх гээд асуудлыг өргөн хүрээтэй харж, мөрийн хөтөлбөрөө боловсруулж, сонгуульд оролцдог. Сонгогчид ч намуудын мөрийн хөтөлбөрийг харьцуулж сонголтоо хийдэг.

Тухайн нам ялалт байгуулж, парламентад олонх болсноор сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Энэ ч утгаараа нэр дэвшигч намынхаа мөрийн хөтөлбөрийг олон нийтэд тайлбарлан таниулж, сурталчлах ёстой гэж боддог. Надад хувийн мөрийн хөтөлбөр байгаагүй ээ. Намынхаа мөрийн хөтөлбөрөөс давж амласан зүйл ч байхгүй. Тойргийнхоо сонгогчид, иргэдтэй байнга уулзалт хийдэг.
-Уулзалт хийх үеэр иргэд ямар асуудлыг голчлон тавих юм.
-Иргэд сонгуулиар амласан 1,5 сая төгрөгийг хэзээ олгох вэ, цалин, тэтгэвэр нэмэх үү, зам харгуйг засах, цахилгааны шугам татаж гэрэлтэй болгох, цэцэрлэг, сургууль шинээр барих суудлыг яаж шийдэх вэ гээд санал, хүсэлт гаргадаг. Улс орны хөгжилтэй холбоотой сайхан саналууд ч хэлдэг. Мөн гэр олгоно уу, цахилгаангүй хэцүү байна гэх эргээр иргэд зовлон, жаргалаа тоочих нь олонтаа. Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд иргэдийн санаа бодлыг төрийн бодлого, шийдвэрт тусгах, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэхээр төсөвт хөрөнгө суулгуулах, хууль, тогтоолын төсөл санаачлах, дүүрэг, хотын захиргаа, яам, Тамгын газарт асуудлыг уламжлах нь үүрэг юм.
-Тэгвэл та өнгөрсөн хугацаанд ямар ажил хийснээ иргэдэд юу гэж тайлбарладаг бэ?
-2008 оноос хойш хийсэн бүх ажлаа удахгүй иргэддээ тайлагнахаар төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар 330 гаруй өрхөд гэр олгосон. Сонгинохайрхан дүүрэгт 2011 онд 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдлээ. Тухайлбал найман зам, гурван сургууль, гурван цэцэрлэг баригдаж жилээс жилд хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Ер нь сонгуулиар ард түмнээ хуурч, худлаа амлаж болохгүй. Мөрийн хөтөлбөртөө тусгасан 1.5 сая төгрөгөө олгох, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилтоо хэрэгжүүлэх ёстой гэж УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр хатуу үг хэлж, ажлаа эрчимжүүлэхийг гүйцэтгэх засаглалынханд тулгаж, шаарддаг.
-УИХ-ын, гишүүнээр ажиллаж байгаа хугацаандаа хийж хэрэгжүүлсэн томоохон ажлаасаа дурдаач?
-Хууль, тогтоолын төсөл боловсруулах, батлах, хэрэгжүүлэхэд хяналт тавих нь УИХ-ын гишүүний үндсэн ажил юм.
2008 онд парламентын гишүүнээр сонгогдсоноос хойших хугацаанд 17 хуулийг өөрөө болон бусадтай хамтран санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьж, 34 ажлын хэсэгт орж ажилласан.
Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар эсвэл тухайн байнгын хорооноос томилдог. Тухайн асуудлыг судлаад дүгнэлт гаргаж танилцуулах, хууль тогтоолын төсөл боловсруулах гээд ажлын хэсгийн үүрэг их. Малын хулгайтай тэмцэх, Агаарын бохирдлыг бууруулах, Шинэ бүтээн байгуулалт, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль боловсруулах,  Зээлийн хүүг  бууруулах, Монгол мал хөтөлбөрийг батлах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн талаар судлах зэрэг 10-аад ажлын хэсгийг ахалж ажиллан, дүгнэлтийг УИХ-д танилцуулж, тодорхой шийдвэр гаргууллаа.
-Өөр ямар ажил амжуулав?
-УИХ-ын гишүүн улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлохоос гадна тухайн сонгогдсон тойрогтоо анхаарлаа хандуулж ажиллах ёстой. Миний сонгогдсон 26 дугаар тойргийн Сонгино-хайрхан дүүрэг 32 хороотой, 270 мянга гаруй хүн амтай, Монгол Улсын иргэдийн 10 хувь нь оршин суудаг нийслэлийн хамгийн том засаг захиргааны нэгж. Энэ бүхэнд хүрч ажиллах, иргэдийн санаа бодлыг сонсох үүднээс сонгогчидтойгоо 375 удаа уулзалт хийсэн. Зарим хүн ийм олон удаа уулзсан гэж үү гээд гайхаад бай-даг юм. Чуулганы завсарлага болгоноор бүх хороодод очиж сонгогчидтой уулзалт хийнэ. Дүүргийнхээ 21 сургууль, 50 гаруй цэцэрлэгийн багш, ажилтантай, төр захиргааны байгууллагынхан, ажил хэрэгч хүмүүс, ахмадуудтай уулзсанаа тооцохоор 375 болж байна лээ. Нийт 9400 гаруй иргэн давхардсан тоогоор 50 мянга гаруй санал, хүсэлт гаргасан байна.
-Уг нь таны амнаас сонсоход их л ажил амжуулсан шиг санагдана. Гэтэл иргэд өөр бодолтой байна. Тухайлбал та сонгуульд нэр дэвших үедээ дотрын төрөлжсөн эмнэлэг байгуулна гэж амласан. Энэ эмнэлэг баригдах байтугай суурь нь тавигдаагүй юм биш үү?
-Би түрүүн Д.Тэрбишдагвын гэсэн тусгай мөрийн хөтөлбөр байхгүй ээ гэж хэлсэн дээ. Сонгинохайрхан дүүрэгт эмнэлэг, сургуулийн хүрэлцээ тааруу байдаг. Эрүүл мэндийн яамыг энэ асуудалд анхаарч ажиллаач ээ гэж олон удаа сануулж, хэлж байгаа. УИХ-ын гишүүний хувьд Ахмадын эмнэлэг, Төрөх эмнэлэг бариулах хөрөнгийг хөөцөлдөж, улсын төсөвт суулгуулсан. УИХ асуудлыг шийдэж, төсвийг батал-сан бол Засгийн газар, яамд, хот, дүүргийн захиргаа хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт газар байхгүй гэдэг шалтгаанаар төрөх эмнэлгийг Хан-Уул дүүрэгт барихаар болсон. Оршин суугчдын ихэнх нь гэр хороололд байдаг энэ дүүрэгт эмнэлгийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой гэж Эрүүл мэндийн яам, дүүргээс сонгогдсон гишүүдтэйгээ хамтран ажиллаж, 2011 онд Азийн хөгжлийн банкны 12,0 сая ам.долларын санхүүжилтээр иж бүрэн клиникийн эмнэлгийг бариулахаар боллоо.
-Та хувийн мөрийн хөтөлбөр байхгүй гэлээ. Тэгвэл танай яамны мөрийн хөтөлбөрт Сонгино-Хайрхан дүүргийн IV ,XII, XXIII зэрэг хороодод цэцэрлэг барихаар тусгасан хэрэг үү?
-Сонгинохайрхан дүүргийн сургууль болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхдүүдийн 46 хувь нь орон тоо хүрэлцэхгүйгээс хамрагдаж чадахгүй байгаа, жил бүр 4-5 сумын иргэн хөдөөнөөс нүүж ирж суурьшиж байна гэж ярьсаар бараг амны уншлага болсон. Төсөвт сургууль, цэцэрлэг шинээр барих хөрөнгийг тусгах хэрэгтэй гэж бүлгийн хурал, байнгын хорооны хуралдаан, УИХ-ын чуулган дээр байнга хэлдэг. Нэг үеэ бодвол хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж байгаа. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө хүрэлцэхгүй байна гээд нэмэх саналыг харъяа яаманд хүргүүлсэн. Энэ асуудлыг хүлээж авч, хоолны мөнгийг нэмж тусгасан. Цэцэрлэггүй байсан 24, 25, долдугаар хороодод шинээр цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан.
-Жил бүр 60 мянган иргэн ажлын байраар хангагдах нь хэзээнээс юм бол. Таны УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа тун бага үлдсэн биз дээ?
-Хувь хүн, УИХ-ын гишүүнийхээ хувьд иргэдийг ажлын байртай, орлоготой болгоход дэм тус болох үүднээс «Танд боломж байна» гэдэг арга хэмжээг Сонгинохайрхан дүүрэгт олон удаа зохион байгуулж байна даа. Энэ арга хэмжээндээ Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгж, компанийг, дүүргийнхээ ажил хайж байгаа иргэдийн хамт оролцуулдаг.
-Тахилт, Эмээлт, Мал бордох, Нарангийн гол, Баруунсалаа, Зүүнсалаа газар цахилгаангүй, хүчдэл муу хэвээрээ л байна. Уг нь та үүнийг шийднэ гэсэн биз дээ?
-Өөрөө намайг юу ч хийдэггүй гэж харуулахаар асуултаа бэлдсэн бололтой. Тийм үү? /инээв. сурв/. УИХ-аас бодлогыг нь тодорхойлоод, хөрөнгийг нь төсөвлөөд өгсөн ч хэрэгжүүлэх түвшинд ажил удааширч, санаачилгагүй, хариуцлагагүй байгаа зүйл ч бий.
-Тэгэхээр таны буруу биш болж таарч байна аа даа?
-УИХ-ын нэг гишүүн бүгдийг шийдэх  боломжгүй. Хот, дүүргийн түвшинд шийдэх зүйлийг УИХ-ын гишүүнээс нэхээд байж бас болохгүй байх аа. Сонгинохайрхан дүүрэгт хөдөө орон нутгаас маш олон иргэн ирж суурьшдаг. Зөвшөөрөлгүй газар, өндөр хүчдэлийн дор, үерийн аман дээр буусан айлуудыг цахилгаантай болгоно гэдэг хүндрэлтэй юм билээ. Харин үүнээс бусад газрын цахилгааны асуудлыг 2011, 2012 онд бүрэн шийдэх боломжтой. Төсөвт хөрөнгийг нь суулгасан болохоор хот дүүрэг л ажлаа хийж хийж цахилгааны шугам сүлжээ татаж гэрэлтэй болгох ёстой.
-Зөвхөн УИХ-ын гишүүнээс бүх зүйл хамаарахгүй гэдэгтэй санал нийлж байна. Ер нь Сонгинохайрхан дүүргийнхний амьдрал хүнд байдаг шүү дээ. Та сайн мэдэх байх?
-Сонгинохайрхан дүүргийн төр захиргааны байгууллагаар жил бүр судалгаа хийлгэдэг. Зам нь ямар байна, сургууль цэцэрлэг, эмнэлэг, эрчим хүчний хүрэлцээ хэр байна, хог хаягдал утааны асуудал ямар байгаа гээд чиглэл бүрээр нь судлуулдаг. Ингээд үзэхээр Сонгинохайрхан бусад дүүргээс хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй. Худаг ус цахилгааны асуудлаа шийдэж чадаагүй олон айл бий.  Уулын орой дээр амьдарч байгаа айлууд бараг км-ийн  цаанаас усаа гараар, тэргээр зөөж байх жишээтэй.
2009 онд Улсын  төсвийн тодотгол хэлэлцэх үе Эрчим хүчний асуудлыг хөндөж Улаанбаатар хотоос сонгогдсон бусад гишүүдээ уриалж байж найман тэрбум төгрөг суулгуулсан. Энэ хөрөнгийн 50 хувь буюу дөрвөн тэрбум төгрөгийг Сонгино-хайрхан дүүрэгт оруулах санал тавьсан. «Өнөөдөр 21 дүгээр зуунд нийслэл хотод гэрэл цахилгаангүй айл байна. Сайд дарга нар аа, та нар гэрэлгүй нэг өдөр байж чадах уу?» хэмээн сайн муугаар хэлүүлж байж УИХ-Д батлуулсан. Энэ ажлаа үр дүнтэй болгохын тулд Тахилт, Эмээлт Толгойт, Баянхошууны Баруун Зүүн салаа зэрэг газраар очиж иргэдтэй уулзан, тэдний нүдэн дээр гүйцэтгэгч байгууллагуудын ажлын явцыг шалгасан. Ингэж Сонгинохайрхан дүүргийн 118 гаруй айл өрхийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэсэн,
-Дунд сургуулийн багш нарыг компьютержүүлнэ гэсэн амлалтыг тань боловсролын салбарынхан мартаагүй байна. Тэдэнд ямар хариулт өгөх вэ?
-Манай Сонгинохайрхан дүүрэг 21 сургуультай. Сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн багш, эмч, ажилчид, сурагчид дунд тэмцээн, уралдаан зохион байгуулдаг. Жил бүр 11 дэх хавраа үдье» аян зохион байгуулж, 1000 хүүхдийг Төрийн ордонтой танилцуулж, эрдэмтэн мэргэдээр лекц уншуулж эссэ бичлэг, математикийн уралдааныг явуулж тэргүүн байрт шалгарсан хүүхдүүдэд дэмжлэг үзүүлдэг. Сургууль бүрт 15 зөөврийн компьютер, сурагчийн зөөврийн компьютер олгосон. Сургуулиудаас ирүүлсэн хүсэлтүүдийг БСШУЯ-нд уламжлан, араас нь хөөцөлдсөний үр дүнд 105, 106, 76, 62-р сургууль иж бүрэн мэдээлэл зүйн кабинет, “Багш хөгжлийн төвтэй” болсон.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.