Ц.Дашдорж сайд төмөр замын удирдлагуудтай уулзлаа
2012.03.26

Ц.Дашдорж сайд төмөр замын удирдлагуудтай уулзлаа

Өнөөдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Виктор Васильевич Самойленко болон хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын Монгол-Оросын талын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр тал манай орны ачаа тээвэрт голлох үүрэг гүйцэтгэж буй Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ачаа тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг хамтран авч хэрэгжүүлэх, тус нийгэмлэгийг шинэчлэх талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 2011 онд үр дүнтэй сайн ажилласан гэдгийг онцлон дурдаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг тус нийгэмлэгийн хөгжлийн хөтөлбөрт анхаарал хандуулах нь зүйтэй. Тиймээс тус байгууллагад тулгарч байгаа хүндрэл болон хөгжлийн хөтөлбөрийг Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого, одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн дагуу шийдвэрлэх болно хэмээн мэдэгдсэн юм.

Үүний дараа төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх шийдвэрийг 2010 онд Засгийн газар 325 тогтоолоор баталсан байдаг.

Энэ дагуу Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, барилгын салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл болох Барилгын хөгжлийн үндэсний төв хамтран ажиллах гэрээнд тус яамны дэд сайд Б.Цэнгэл гарын үсэг зурлаа. Өнөөдрийн байдлаар барилгын салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй төрийн бус байгууллага байдаг бөгөөд тус нэгдэлд 11 байгууллага нэгдэн үйл ажиллагаа явуулдаг аж. Эдийн засгийн өсөлийг даган хурдацтай хөгжиж байгаа барилгын салбарынханд тус нэгдэл нь гадаад хамтын ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, мэдээлэл солилцох гүүр болж ажиллах юм.

Төрийн байгууллагын ачаалалыг бууруулж байгаа энэ шийдлүүдлийг өнөөдөр баталсан гэрээнд тусгасан байна.Засгийн газраас барилгын үйлдвэрлэлийг дэмжих, мэргэжлийн лабораторийг шинэчлэх, Монгол Улсад евро стандарт нэвтрүүлэх зэрэг олон арга хэмжээг авч байгаа бөгөөд энэ ажилд төрийн бус байгууллагууд хамтран оролцож эхэлсэн барилгын салбарын түүхэнд дэвшил гарсан хэрэг болсон хэмээн мэргэжлийнхэн үзэж байна. Хамтран ажиллах гэрээг үзэглэсэн Барилгын хөгжлийн үндэсний төвийн гишүүн 11 байгууллага нь эвлэлдэн нийлсэн олон нийтийн байгууллага бөгөөд бусад төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах боломж нь нээлттэй байгаа хэмээн төвийн удирдлагууд мэдэгдлээ.