Хөшигийн хөндийн онгоцны буудлын ажлыг эрчимжүүлэх үүргийг Ц.Дашдорж сайд өгөв
2012.02.15

Хөшигийн хөндийн онгоцны буудлын ажлыг эрчимжүүлэх үүргийг Ц.Дашдорж сайд өгөв

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын шинэ сайд Ц.Дашдорж өчигдөр Иргэний нисэхийн ерөнхий газар, "Улаанбаатар төмөр зам"-аар орж, ажил байдалтай нь танилцлаа. Энэ онд "Чингис хаан" олон улсын нисэх буудалд бууж, хөөрсөн нислэгийн тоо 14700-д хүрч, 890.761 зорчигчид үйлчлэн, 772.2 тонн ачаа тээвэрлэжээ.

Өнгөрсөн онд Өмнөговь, Хөвсгөл, Ховд, Дорнодын нисэх буудлуудыг олон улсын статустай болгож, орон нутгийн буудлуудын үйл ажиллагааг сайжруулахад 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэсэн ч агаарын тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо өсөн нэмэгдэж байгаа тул Хөшигийн хөндийд шинээр баригдаж буй онгоцны буудлыг ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт, зохицуулалтын албаны үйл ажиллагаатай танилцаж, тус салбарт нислэгийн удирдлагыг бодитоор хянах системийн үйл ажиллагааг газар дээр нь үзэж, Нислэгийг удирдах төвөөр орсон юм. Тэрбээр "Иргэний нисэхийн салбарын хөрөнгө оруулалтын нөхцөл өөрчлөгдөж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник технологийн шинэчлэл хийгдсэн нь илт мэдрэгдэж байна.

Бидэнд хамтын хүчээр хийж амжуулах олон ажил байна. Тухайлбал, Иргэний нисэхийн салбарт 2007 оноос хэрэгжсэн өнгөрөлтийн нислэгийг хянах бодит ажиглалтын системийг улам сайжруулах хэрэгтэй. Японы Засгийн газрын зээлээр санхүүжүүлж буй Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын шилэн кабель, эрчим хүчний ажил хангагдсан ч цаг хугацааны хувьд хоцрогдож байгаа нь санаа зовоож байна. Энэ ажлыг бид эрчимжүүлж, онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхийн төлөө хамтарч ажиллана" гэв. Түүнчлэн Монгол Улс агаарын тээвэрт баримтлах бодлогыг боловсруулж хаврын чуулганаар хэлэлцүүлэхээ хэлээд агаарын тээвэрлэгчдийн нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтыг сайжруулж, Алма-Аты-Өлгийн чиглэлийн нислэгийг түргэтгэхийг  ИНЕГ-ын удирдлагуудад үүрэг болгов.

Хөшигийн хөндийд барьж буй нисэх онгоцны шинэ буудал 2017 онд нээгдэхээр байгаа юм байна.

Манай Улсын төмөр замын ачаа эргэлтийн 90, зорчигч тээвэрлэлтийн 40 хувийг дангаараа гүйцэтгэдэг 'Улаанбаатар төмөр зам"-ынхан үйл ажиллагаагаа зах зээлийн орчинд нийцүүлэн шинэчлэх, тээх, нэвтрүүлэх чадвараа тогтвортой нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай байгаагаа шинэ сайддаа дуулгав. Харин Ц.Дашдорж сайд тус газрынханд үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтаа өөрчилж, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах чиглэлээр маркетингийн судалгаа хийж, тооцоо, төлөвлөгөөтэй, оновчтой арга барилыг нэвтрүүлэх хэрэгтэйг анхааруулсан. Түүнчлэн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд манай Засгийн газраас гаргаж байгаа 125 сая ам.долларын хөрөнгийг УБТЗ-ын техник, технологийг шинэчлэн, төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэхэд ашиглах, төмөр замын хөрөнгө оруулалт, зээлийн үр ашгийг сайжруулах, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай ханган ажиллаж, их засвар хийх хугацаа нь болсон болон  хэтэрсэн замуудыг засах ажлыг шуурхайлж, 2012 оны зун хийх засварын ажлын бэлтгэлийг  хангах ээрэг үүрэг өглөө.