Ж.Энхбаяр цагдаагийн генерал цол чухам яагаад байх ёстой талаар ийнхүү тайлбарлалаа
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2017.02.03

Ж.Энхбаяр цагдаагийн генерал цол чухам яагаад байх ёстой талаар ийнхүү тайлбарлалаа

Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нам гүмхэн буюу хаалттай эхэлж, өдөржин "нууц"-аар хуралдсаар 19 цаг өнгөрч байхад нээлттэй хуралдаж, ширүүхэн хурал болов. 

Нээлттэй хуралдааны эхэнд гурван хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан. Үргэлжлүүлэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа уг хуулийн төслөөс хоёр зүйл онцолсны нэг нь цагдаагийн генерал цол шинээр бий болгох тухай байсан юм.

90 орчим зарчмын зөрүүтэй санал хураасны дотор уг асуудалд гишүүд нилээд төвлөрсөн. Багагүй маргаан болсон ч гэж болно. Гол маргаан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, О.Баасанхүү нарын хооронд өрнөсөн.

Мэдээж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хамгаалах байр суурьтай байсан бол О.Баасанхүү эсэргүүцэж байлаа. Ингээд чухам яагаад цагдаагийн генерал цол олгох нь зүйтэй гэж үзсэнээ УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ийнхүү тайлбарлалаа. 

Ж.Энхбаяр: Уг хуулийн төсөл нь Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс гэсэн төрийн бодлоготой уялдаж байгаа. Уг бодлогын баримт бичигт төрийн цэргийн байгуулалт гээд түүн дотроо зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага гэж оруулсан байдаг.

Харин бид энэ удаа хууль сахиулах байгууллага буюу цагдаагийн байгууллага иргэдтэйгээ илүү ойр ажилладаг гэдэг утгаараа төрийн цэргийн байгуулалтаас салгаж байгаа юм. Цагдаагийн байгууллагатай цэргийн гэдэг ойлголтыг хольж, хутгаж болохгүй.

Генерал гэдэг бол цэргийн дээд цол. Ажлын хэсгийн хуралдаанаар 10 мянга гаруй бүрэлдэхүүнтэй, хагас цэрэгжсэн зохион байгуулалттай цагдаагийн байгууллагад шинээр цагдаагийн генерал гэдэг цолыг шинээр бий болгох нь зүйтэй гэж үзсэн.

ОХУ, БНХАУ, Франц, Канад, Украйн, Румьн, Энэтхэг, Филиппин, Пакистан гээд олон улсад цагдаагийн генерал гэдэг цол олгож байна. Энэ нь өөрөө хоёр хөрштэйгээ хамтран ажиллах, системийн холбоос хийх, харилцан ойлголцох,  цолноос шалтгаалсан харилцааны үнэт зүйл болдог.

Цагдаагийн генерал гэдэг цолыг шинээр бий болгож байгаа нь цэрэг, цагдаа гэсэн хоёр байгууллагыг нэг мөр салгаж байгаа хэрэг юм. Батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагууд бие даасан, салангид болсноор хууль эрх зүйн давхардал, үл ойлголцол бүр мөсөн алга болно.

Цагдаагийн генерал цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно гэж хуулийн төсөлд тусгасан. Ингэхгүй юм бол цэргийн дээд цолтой хүн цагдаагийн байгууллагыг удирдах боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

Цэрэг, цагдаа гэсэн хоёр сувьектийн харилцаа хоорондоо тэс өөр, ондоо ялгаатай. Тиймээс олон улсын туршлагыг судалж, асуудалд нилээдгүй нухацтай хандсаны үндсэн дээр цагдаагийн генерал цолтой болох нь зүйтэй гэж шийдсэн гэдгийг гишүүд зөв ойлгоорой.