Л.Энх-Амгалан: Улсын хэмжээнд бүртгэгдэж буй гэмт хэргийн 50 хувь нь онц ноцтой, хүнд, хүндэвтэр гэмт хэрэг байна
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2017.01.19

Л.Энх-Амгалан: Улсын хэмжээнд бүртгэгдэж буй гэмт хэргийн 50 хувь нь онц ноцтой, хүнд, хүндэвтэр гэмт хэрэг байна

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.17/ Цагдаагийн албаны тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн байр сууриа илэрхийлж, асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийсэн. Уг мэдээллээс харахад,

Монгол Улсад гэмт хэргийн нөхцөл байдал маш хүнд болсон байна.

Улсын хэмжээнд жилд гэмт хэргийн улмаас 880 хүн нас барж, 11257 хүн гэмтдэг, 27689 иргэн гэмт хэргийн хохирогч болдог бөгөөд жил бүр 162 тэрбум төгрөгийн эд хөрөнгөөрөө хохирдог, гурван хүн тутмын 1 нь хохирлоо нөхөн төлүүлдэг, 2/3 нь хохирч үлддэг гээд аймшигтай мэдээлэл байна.

Бүртгэгдэж буй гэмт хэргийн 50 хувь нь онц ноцтой, хүнд, хүндэвтэр гэмт хэрэг, 50 хувь нь хөнгөн гэмт хэрэг үйлдэгдэж байна гэхээр хоёр гэмт хэрэг тутмын 1 нь хүнд гэмт хэрэг бүртгэгдэж байна шүү дээ. Тиймээс Цагдаагийн албаны тухай хууль батлагдсанаар улс орны гэмт хэргийн нөхцөл байдал хэр сайжрах вэ?

Одоогийн цагдаагийн албаны практикт хэрэглэж буй хэрэг бүртгэл, мөрдөн байцаалттай холбоотой маш их гомдол гардаг. Тэр тусмаа хөдөө орон нутагт малын хулгай маш их гаарсан. Залилангийн гэмт хэрэг хэрээс хэтэрсэн. Гэмт хэрэгтнийг цагдаагийн газар дагуулаад очиход хэрэг үүсгэж өгдөггүй гэсэн гомдол байнга байдаг.

Тухайн орон нутагт оршин сууж буй хүн амын тооноос шалтгаалж, 4000 хүн тутамд нэг цагдаа, нэг төлөөлөгч ногддог норм нормативтай байх шиг. Тэгвэл өнөөдөр 7000 хүн амтай суманд байгаа ачаалал 1000 хүрэхгүй хүн амтай суманд байх ачаалал хоорондоо өдөр, шөнө шиг ялгаатай.

Хөдөө, орон нутагт ажиллаж буй цагдаагийн албан хаагчийн ажиллах нөхцөл, ажлын ачаалал маш ялгаатай. “Гахай явган, нохой нүцгэн” шиг нөхцөлд орон нутгийн цагдаагийн албан хаагч ажиллаж байна. Тиймээс цаашид цагдаагийн албаны ачааллыг яаж зохицуулах нь зүйтэй вэ?

Жишээлбэл, Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд жил бүр зуны улиралд 40-50 мянган жуулчин очдог. Тэнд 3-4 цагдаагийн албан хаагч ажилладаг. Ачааллаа дийлдэггүй. Тэгвэл үүнийг яаж зохицуулах вэ? Уг хуулийн төсөл батлагдсанаар тодорхой ахиц, өөрчлөлт гарах болов уу?

Өнгөрсөн дөрвөн жилд 17 мянга орчим аж ахуйн нэгжүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгасан гэсэн тоо бий. Ингэхдээ ихэвчлэн хууль бус шалгалт явуулсан байдаг. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байна гээд шуугиан дэгдээдэг. Улмаар бизнесийн нэр хүндэд нь халддаг тохиолдол бий.

Эндээс үзэхэд, мөрдөн байцаалтын хугацаа гэж бий юу? Маш удаан хугацаанд байцаадаг. Тиймээс уг хуулийн төсөл батлагдсанаар хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт шинэ шатанд гарах уу?

Цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа алдаж буй олон тохиолдол бий. Одоогийн хуульд албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан бол 5 жил ажилласантай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог. Энэ нь нэг өрөө байрны мөнгө хүрэхгүй. Харин хөдөлмөрийн чадвараа алдсан бол хохироосон этгээдээс нөхөн төлбөрөө гаргуул ав гээд орхидог. Мөн хөдөө оро нутагт ажилладаг цагдаагийн нийгмийн асуудал тэр дундаа гэр бүл, үр хүүхдийг яаж дэмжих вэ?

Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр

Ө.Энхтөр: Малын хулгайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэхгүй байна гэдэг нь Эрүүгийн хуультай холбоотой. Одоогийн Эрүүгийн хуульд 240 мянган төгрөгөөс дээш хохиролтой хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэдэг. 2017 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих Эрүүгийн хуульд уг босгыг байхгүй болгосон учраас малын хулгайн хэргээр эрүү үүсгэдэггүй гэсэн гомдол тасрах байх гэж бодож байна.

Уг хуулийн төслийн 10 дугаар зүйлд гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг боловсронгуй болгох заалтууд орсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шинэчилсэн хуульд уг асуудлыг мөн нарийвчилсан.

Аж ахуйн нэгжүүдийг хууль бусаар шалгасан гэдэг бол Татварын хуультай холбоотойгоор маш олон аж ахуйн нэгжийг шалгасан. Мөрдөн байцаалтын хугацаа нь 2-24 сар хүртэл байдаг. Зарим нэг тохиолдолд мөрдөн байцаалтын хугацаа удааширсан нь бий. Үүнийг цаашид анхаарна.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны тухайд нөхцөл байдлыг судлая. Цагдаагийн албаны тухай хуульд гэмт хэргийн гаралтаар нь цагдаагийн алба, хэлтсийг томилох боломж нээгдэх болно.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

С.Бямбацогт: Гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. 2016 онд бага зэрэг буурсан гэсэн статистик бий. 2012 оныг 2015 онтой харьцуулахад 40 орчим хувиар гэмт хэргийн тоо өссөн байна. Энэ нь эдийн засгийн хямрал, ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой.

Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бол зөвхөн цагдаагийн байгууллагын ажил биш. Иргэн бүрийн оролцоо чухал. Тиймээс хуулийн төсөлд тодорхой зохицуулалт оруулж өгсөн. Өнөөдөр хулгай, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна. Эдгээр гэмт хэргийг бууруулахад тодорхой алхам хийх болно. Төсөв мөнгөний асуудал ч яригдана. Тухайлбал, хулгайн гэмт хэргийг бууруулахад гудамж, талбайг гэрэлтүүлэх, камержуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Залилан, малын хулгайн талаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нарийвчилсан зохицуулалт бий. Тэр дундаа хохирогчийн хохирлыг барагдуулсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэж оруулж өгсөн. Малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн бол хатуу шийтгэл ногдуулахаар заасан.

Хуулиар бусаар мөрдөн байцаах, шалгах асуудлыг аль болох гарахгүй байх, хууль бусаар дарамтлахгүй байх тал дээр анхаарч, хуулийн төсөлд хэд хэдэн заалт оруулсан.

Цагдаагийн албан хаагчийн нийгмийн асуудалтай холбоотойгоор хуулийн төсөлд тодорхой тусгасан. Цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан бол 150 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно, 10 жилийн турш сар тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасан.

Хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдлыг ч орхигдуулаагүй. Хөдөө орон нутагт ажиллаж буй цагдаагийн албан хаагчийн гэр бүл нь ажилгүй байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцна гэсэн заалтуудыг оруулж, цагдаагийн албан хаагч тогтвортой суурьшилтай, итгэл үнэмшилтэй ажиллах боломжийг бүрдүүлж байна.