С.Бямбацогт: Цагдаагийн албан хаагчийн цалин хангамж, хууль зүйн баталгааг сайжруулна
УИХ, Засгийн газраас цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусгай хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзсэн.
Энэ дагуу Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж, өнгөрөгч оны 12 дугаар сард УИХ-д өргөн барьсан юм.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.17/ Цагдаагийн албаны тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт цагдаагийн албыг дараах зургаан чиглэлд шинэчлэх болсноо танилцууллаа. Үүнд.
- Цагдаагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг чиг үүрэгт нийцүүлэн нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх зарчимд нийцүүлэн уян хатан тодорхойлох боломжийг бүрдүүлэх
- Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдал, түүнд тавигдах шаардлага, цалин хөлс, нийгэм, улс төр, хууль зүйн баталгааг тодорхойлж, хуулиар хүлээсэн үүргээ саадгүй хэрэгжүүлэх баталгааг хангах
- Цагдаагийн албан хаагчаас өдөр тутам хэрэгжүүлдэг хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан албадлагын шинжтэй арга хэмжээг авах үндэслэл, журмыг тодорхойлох
- Цагдаагийн албан хаагчийн албан үүрэгтээ хандах хандлагыг эерэгээр өөрчлөх зорилгоор цагдаагийн байгууллагын тодорхой албан тушаалд анхлан томилох, албан хаагчийг албан тушаалд дэвшүүлэх томилохдоо албан хаагчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт, хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгох, албан тушаал эрхлэх шат дарааллыг баримтлах зарчмыг тусгах
- Цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах зохицуулалтыг бий болгож, зөвхөн тунхгийн шинжтэй бус хэм хэмжээ тогтоож үүрэг болгосон, түүнийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг байх
- Цагдаагийн албан хаагч өөрийн албан тушаал, хариуцсан нутаг дэвсгэр, чиг үүргээс үл хамааран, хүний амь нас, эрүүл мэндэд бодит аюул учирсан тохиолдолд нэн даруй арга хэмжээ авах болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх