Цагдаагийн генерал цол олгох тухай санал 89,1 хувийн саналаар дэмжигдлээ
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг 2017 оны нэгдүгээр сарын 19-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлжээ.
Тус байнгын хороо нэгдүгээр сарын 31-ний өдөр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд 90 орчим зарчмын зөрүүтэй саналын томьёолол оруулж байна. Эдгээр саналын томьёоллыг хуулийн төсөлд тусгаснаар цаг үеийн хэрэгцээ шаардлагыг хангахаар байна гэж байнгын хорооны гишүүд үзжээ. Эдгээрээс онцгойлон танилцуулахад,
- Цагдаагийн генерал гэдэг шинэ нэр томьёог бий болгох, уг цолыг Цагдаагийн дарга, орлогч нарт олгох, шаардлагатай гэж үзвэл нийслэлийн цагдаа, дотоодын цэргийн сургуулийн захиралд олгож байх тухай
- Цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөж, нас барсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ар гэрийнхэнд нэг удаа олгох тухай
Бусад нь хуулийн төслийг боловсронгуй болгоход чиглэж байна гэж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж байх үеэр хэллээ.
Ингээд цагдаагийн генерал цол олгох тухай зарчмын зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад санал хураалтад оролцсон гишүүдийн 89,1 хувь дэмжигдсэн юм. УИХ-ын зарим гишүүн уг саналын томьёоллоор санал хураахын өмнө дэмжихгүй байр сууринаас үг хэлж байлаа.
Гэхдээ хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг учраас эцсийн хэлэлцүүлгийн үеэр дахин уг саналын томьёоллоор санал хураах юм. Мөн дээр дурдсан цагдаагийн ар гэрийнхэнд тэтгэмж олгох тухай саналыг гишүүдийн олонх дэмжлээ.