2017.01.12

Я.Санжмятав: Хэсэг хулгайчийг илрүүлэх гэсээр сүрэг хулгайч бий болгочихгүй байхыг хүсье

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий Аудиторийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Я.Санжмятав санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Я.санжмятав:

МАН-төрийн албанд мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлж ажиллана гэсэн. Энэ томилгоог дэмжиж буйгаа илэрхийлмээр байна. Д.Хүрэлбаатар бол төрийн албанд мэргэшсэн хүн.

Түүнийг энэ хариуцлагатай албанд сонгохоор оруулж ирж байгаад талархаж байна. Хоёр удаа Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан хүний хувьд төрийн ажил хийхэд хаанаа гацдаг, яавал алдаа гаргахгүй байх талаас нэлээд туршлагатай хандах байх гэж үзэж байна. Аудитын байгууллагын суурь анхнаасаа их зөв тавигдсан гэж би хувьдаа ойлгож явдаг.

Олон дарга дамжаагүй. 2002 онд н..Жавзмаа гуай анхны даргаар ажиллаж байсан. Тухайн үед МАН-бас цөм ялалт байгуулж байсан би ч жил гаруй хугацаанд ажиллаад ажлаа өгч байлаа. Тэр үед Улсын нөөцийн газрын дарга Я.Санжмятавын нэр дээр олон асуудал гарч Аудитын байгууллагаар гурван ч удаа шалгуулж байсан.

Аудитын газраас гурван удаа шалгаад юм гарахгүй байсанд тухай үеийн дарга н.Жавзмаа гуай шалгалтын багийнхандаа хандаж хэлсэн үгийг нь би сүүлд таван жилийн дараа нэг танилаасаа хөдөө явж байгаад сонсож байсан юм. Тэр хүн “Гурван удаа том группын шалгалт оруулж шалгалаа.

Алдаа дутагдал нь ганц хоёр нягтлан гарын үсэг зураагүй шалтгаан байна. Энд одоо юуг нь дахин дахин шалгах гээд байгаа юм. Одоо болно наад асуудлаа зогсоо” гэж хэлсэн байгаа юм. “Төрийн хар хүн” гэж ийм л хүн байх учиртай. Хэдийгээр бурхны оронд очсон ч гэсэн тэр хүнийг сайнаар бодож, хэлсэн үгэнд нь баярлаж явдаг юм. Яаж, ухаж төнхөөд ч юм гарахгүй болохоор нь тэгэж хэлсэн байгаа юм л даа.

Таны томилгоонд манай гишүүд нэлээд л зүйл захиад байх шиг байна. Аудитор хүн гэдэг Төрийн хянан шалгах хороо биш шүү дээ. Энэ хүний хийх ажилын чиг үүрэг өөр юм. Мэдээж өнгөрсөн жилүүдийн алдаа дутагдлыг архиваас ухаж,  шалгах нь зүйн хэрэг.

Гэхдээ энэ асуудалд гол анхаарлаа хандуулаад байвал энэ албаны дараагийн асуудал орхигдох юм гэдгийг тооцоолох хэрэгтэй.Одоогийн  энэ төрийн албад хүний өөрийн гэлтгүй олон шинэ хүн сонгогдсон. Уулын мод урттай, богинтой, айлын хүүхдүүд сайнтай , муутай байх нь бий.

Тэгэхээр одоо шинээр томилогдсон албан тушаалтнууддаа алдаа гаргахгүй, сайн ажиллах ёстой гэдгийг анхааруулж, сургалт явуулах ч юм уу албан зөвлөмжөө ойрын үед өгөх хэрэгтэй. Алдаа гаргасныхан дараа биш, алдаа гаргахгүй байх талаас нь анхнаас нь анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. “Хуучин бөглөрчихсөн муу усны нүх” ухуулах гэж байгаа юм шиг ажиллах юм бол наад төрийн ажил урагш явахгүй шүү гэдгийг анхааруулж хэлэх байна.

“Хэсэг хулгайч” нар байж байгаад явсан юм шиг зүйл ярьж захиад байна. Мэдээж хяналт явуулалгүй яахав. Гэхдээ тэр бүхэнд анхаарч ажиллаж байгаа дөрвөн жилийн дараа гэхэд “сүрэг хулгайч” илэрэх ёсгүй гэж таныг томилж байгаа гэдгийг анхаараарай. Аудитын тухай хууль гарсан байгаа.

Энэ хуулийн дагуу онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Хүний нөөцийн тухайд баахан хүн халчихвал дараагийнхаа хүмүүсийг мэргэшүүлэх гэсээр байтал хугацаа алдах болно. Таныг төрийн үүрэг гүйцэтгэгч гэж энэ хариуцлагатай албанд томилж байгаа учраас хуулийн дагуу ажиллахыг захиж хэлэх байна.