ММНБИ-ийн Орхон салбар бүх гишүүдийн хурал зөвлөгөөн зохион явууллаа
2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ММНБИ-ийн Орхон салбар 20 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй төлөвлөгөөт ажлуудын нэг хэсэг болох бүх гишүүдийн хурал, уулзалт, сургалт зөвлөгөөнийг Уурхайчин соёлын ордонд зохион байгууллаа.
Энэ арга хэмжээнд урилгаар ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Чой.Чимидсүрэн, Дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, Стандартын хорооны менежер Ч.Мөнхбаяр нар оролцож, “Нэгдмэл тайлагналын зарим асуудал”, “Шинэ цаг үе, шинэ орчин: Мэргэжлийн нийцэл”, “Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын өөрчлөлт, шинэчлэлт, түүний хэрэглээ” гэсэн сэдвүүдээр сургалтууд явуулж, мэдээлэл хийлээ.
Эдгээр сургалтууд нь нягтлан бодох бүртгэл, тайлагналд гарсан орчин үеийн шинэ өөрчлөлтүүд, түүний чиг хандлагыг танилцуулаад зогсохгүй нэгдмэл тайлагналын талаар ойлголтыг илүү өргөн хүрээнд танилцуулснаараа бүх гишүүдийн мэргэжлийн боловсролд үнэтэй хувь нэмэр болсон ач холбогдолтой үйл ажиллагаа болсон гэж Орхон салбарынхан дүгнэж байна.
Энэхүү арга хэмжээний үеэр ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, үүргээ сайн биелүүлсэн зарим гишүүдийг ММНБИ-ийн шагналаар шагнаж урамшуулсан ба шинэ мэргэшсэн нягтлан бодогчийн эрхээ авсан гишүүдийн тангараг өргөх ёслолыг мөн зохион байгуулав. Мөн ММНБИ-ийн 6-р их хуралд төлөөлөгч томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
ММНБИ-ийн 20 жилийн ойн баярыг тэмдэглэв
ММНБИ-ийн Орхон салбар 20 жилийн ойн баярыг тохиолдуулан бүх гишүүдийнхээ хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулж нэгэн үдшийг хамтдаа хөгжилтэй, дурсамжаар дүүрэн өнгөрүүллээ.
Тус арга хэмжээнд ММНБИ-ийн удирдлагууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн санхүүгийн асуудал эрхэлсэн орлогч захирал МНБ Ж.Эрдэнэбилэг болон салбарын ахмад гишүүд оролцож мэндчилгээ дэвшүүлэв.
20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан спортын тэмцээний шагналыг мөн энэ арга хэмжээний үеэр гардуулж, ММНБИ-ээс Орхон салбарыг үүсгэн байгуулагчдын нэг ахмад зүтгэлтэн Ж.Пүрэвдаавууд хүндэтгэл үзүүлсэн зэрэг олон олон гэнэтийн бэлгээр дүүрэн нэгэн цэнгүүнийг амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдмин” ХХК, “Орхон АЗЗА” ТӨХК, “Натурал Текстайл Групп” ХХК, “Эрдэнэт-Ус” ОНӨХК, “Ачит-Ихт” ХХК, “Далайван-Аудит” ХХК-ийн Орхон салбар зэрэг аж ахуйн нэгжүүд болон Г.Энхсайхан, Д.Пүрэвсүрэн, Т.Очирхүү, Б.Наранцэцэг, Б.Сүнжидмаа, Л.Баасандорж, Д.Мягмарсүрэн, Д.Буяндэлгэр нарын Удирдах зөвлөл болон бүлгийн дарга нартаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.