УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2017.01.12

Л.Энх-Амгалан: Аудитын байгууллагад улс төрийн дарамт их байдаг учраас тэдний тайлан зөрүүтэй гардаг

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий Аудиторийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан санал хэллээ. 

УИХ-ын гишүүн: Л.Энх-Амгалан: 

Нэр дэвшиж буй энэ хүнийг дэмжиж байна. Асуух асуулт алга. Өнгөрсөн 4 жилд Аудитын Ерөнхий газартай хамтран хэд хэдэн шалгалтын ажлын хэсэгт орж ажиллаж байсан юм. Тэр үед бодогдож байсан хэд хэдэн саналаа хэлэх гэсэн юм.

Өнгөрсөн дөрвөн жилд улсын төсвийг хэрхэн ур ашиггүй ашиглаж, эрх мэдлээ урвуулан мөнгө урсгаж болдог гэдгийг харууллаа. Энэ үед энэ байгууллага юу хийж байсан юм гэх асуудал ч гарч ирж байна. Үнэндээ Хөгжлийн банкны ажлын хэсгийг ахлаж байх үедээ Аудитын газрын дарга, АЕГ-тай хамтран ажилласан.

Тухайн үед энэ газарт ямар их дарамт шахалт ирдэг болохыг мэдсэн. Учир нь хоёр удаа дүгнэлт гаргаад дараа нь гаргасан дүгнэлтээсээ буцчихдаг байхгүй юу тэд. Энэ бол улс төрөөс хараат гэдгийн илэрхий байдал болоод байгаа юм.

Анх гаргаж ирж байгаа тайлан, санхүүгийн зөвлөмжүүдийг нь харж байхад үнэхээр сайн байдаг. Харамсалтай нь тэр тайлангаа баталгаажуулдаа УИХ-дээр орж ирэхээрээ өдөр, шөнө шиг ялгаатай болчихдог юм билээ гэдгийг хэлэх гэсэн юм.

Манай улс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд урд өмнө нь Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаагүй их санхүүжилт хийсэн байдаг. Хөгжлийн банкаар хийгдсэн санхүүжилт зэрэгт Аудитын дүгнэлт маш сайн гарсан байдаг. Энэ бүхнээ та бүхэн олон нийтэд ил гаргаж мэдээлэх ёстой шүү.

Аудитын Ерөнхий газраас Хөгжлийн банкны дүгнэлт гаргах ажлын хэсэгт орсон хүмүүсийг ажлаас нь халчихсан байгаа. Улсын өмчит үйлдвэр, томоохон компанийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэгт орсон хүмүүсийг ч ажлаас нь халаад хаячихдаг. Жишээ нь Монголын Төмөр замд шалгалт хийсэн хүнийг бас ажлаас нь халчхсан ийм л нөхцөл байдалтай байна шүү дээ.

Улсын өмчит газруудад хийсэн шалгалтын дүн үүний тод жишээ болох юм. 2012 онд авлагатай гарч байсан газрууд саяны шалгалтаар 98 хувь нь алдагдалтай болсон байдаг. Гэтэл Аудитын байгууллагаас ирсэн дүгнэлтээр тэдгээр газрууд ашигтай ажиллаж байна гэсэн зөрүүтэй ойлголтууд гарсан байгаа.

Тэгэхээр танай байгууллагад хандаж хэлэх гэсэн санаа маань жил бүр хүргүүлдэг Засгийн газрын нэгэтгэсэн тайлан,Төсвийн ерөнхийлөн захирагчдын нэгэтгэсэн санхүүгийн тайлан, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн тайлангууд дээр та бүхэн байр сууриа хатуу хамгаалж гарах ёстой шүү. Зөвхөн зөвлөмж хүргүүлээд орхиж болохгүй гэдгийг анхаарч ажиллаарай гэж хэлмээр байна.