Хөгжлийн банкны энэ их өр хэний гараар бий болсон бэ
-Монгол Улс анх удаа олон улсын зах зээлд гаргасан бондоос татан төвлөрүүлсэн хөрөнгөө яаж ашигласан мэдээлэл ил тод болно-
Хөгжлийн банкны асуудлаар улстөрчид хөнжил дотроо хөлөө жийлцсээр нэлээдгүй хугацааг ч үдлээ. Энэ хооронд тус банканд хийсэн шалгалтуудаас харахад хөрөнгийг зүй бусаар зарцуулсан мөн бүтэн нэг жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгийг үрэн таран хийсэн гээд олон но-той ноцтой баримтууд ил болж байгаа.
Өнгөрсөн хугацаанд Чингис, Самурай бондын зарцуулалтаас чухамдаа хэн нь айгаад, хэн нь ил гаргахыг хүсэхгүй байгаад байна вэ. Аль аль нь шийдээд хэлэлцээд, бондын хүүгээ хэрхэн дарах арга замаа ярих ёстой энэ цаг үед бондын зарцуулалтаар маргаад сууж буй нь харамсалтай.
Угтаа бол Хөгжлийн банкыг шалгаж буй ажлын хэсгийнхэн бондын зарцуулалтаас ямар, ямар улстөрчид, бизнесменүүд хувийн компанидаа мөнгө авч, ажил явуулсан бэ гэдгийг нээлттэйгээр ил тод зарлах хэрэгтэй. Хэн ямар байдлаар зарцуулж юу хийснийг ард түмэн бүгд мэдэх учиртай шүү дээ.
Ямартай ч булавч бултайна гэгчээр Хөгжлийн банкны удирдлагууд бэлэн болоогүй төсөл хөтөлбөрт бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж, төсвийн хөрөнгийг гарын салаагаараа ямар ч тооцоо судалгаагүйгээр урсгаж орхисны нэг жишээ нь Оёмол бүтээгдэхүүнд олгосон хоёр тэрбум төгрөгийн зээлийн асуудал.
Уг нь дээрх мөнгийг олгохдоо тухайн төсөл хөтөлбөртэй нь танилцаад зогсохгүй үйл ажиллагаа эрхэлдэг газар дээр нь очиж шалгах ёстой атал тэд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй долоон ширхэг оёдлын машинаас өөр зүйлгүй оёмол бүтээгдэхүүний төсөлд ийн хоёр тэрбум төгрөгийн зээлийг шууд л ногоон гэрлээр олгожээ.
Мэдээж энэхүү мөнгийг хэн гэгч этгээд авсан бэ гэдэг нь удахгүй олон нийтэд ил болно.Түүнчлэн хөдөө орон нутагт хэрэгжихээр санхүүжилт авсан үйлдвэрийн төслүүд үйл ажиллагаа нь жигдэрсэн мэт тайлангаа явуулж санхүүжилтээ авдаг байсан атлаа бодит байдал дээр гурван талт хашаанаас өөр зүйлгүй байсан нь ч ил болсон байна.
Мөн өнгөрсөн хугацаанд хэл ам дагуулж байсан “Гудамж” төсөл, “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгж, “Тавантолгойн цахилгаан станц” төсөл, “Хүрэн нүүрснээс байгалийн синтетик хий үйлдвэрлэх” төслийн нэгж, “Шинэ төмөр зам” төслийн нэгж тус бүрт зөвхөн үйл ажиллагааны зардал хэмээн нийт 17.0 тэрбум төгрөгийг олгожээ. Нөхцөл байдал ийм байсан учраас өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар Гудамж төслийг татан буулгасан аж.
Ж.Энхбаяр: Хөгжлийн банкны зургаан их наядын зээлийг ил тод зарлана
Ямартай ч тус банкны санхүүг шалгасан ажлын хэсгийнхэн дүгнэлтээ олон нийтэд танилцуулахад бэлэн болжээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр “Хөгжлийн банкнаас хэн зээл авсныг бүрэн тодруулж, дууслаа. Бид бүх хэвлэлийн мэдээллийн байгууллагад материалыг нээлттэйгээр өгнө.
Ингэснээр Монгол Улс анх удаа олон улсын зах зээлд гаргасан бондоос татан төвлөрүүлсэн хөрөнгөө яаж ашигласан мэдээлэл ил тод болно. Олон нийтийн хяналт давхар хэрэгтэй байгаа учраас ил тод болгож байгаа юм. Зургаан их наяд төгрөг зээл хэлбэрээр зарцуулагдсан байна. Дотроо гурван том бүлэг болж байна.
- Улсын төсвөөс эргэн төлөгдөх хөтөлбөр буюу зургаан их наядын 54 хувь.
- Арилжааны банкаар дамжуулан хэрэгжүүлсэн нэг их наяд төгрөгийн төслүүд.
- Хөгжлийн банкнаас өөрөө шууд зарцуулсан 16 том төсөл байна.
Хувийн хэвшлийн найм, улсын үйлдвэрийн газрын найман төсөл байна. Зээлийг ямар иргэн, аж ахуйн нэгж авсан, төлөлтийн явц ямар байна вэ гэдгийг судалж дууссан. Одоо олон нийтэд ил тод зарлана” хэмээв. Ямартай олон нийт өнгөрсөн хугацаанд бондын мөнгөнөөс ямар, ямар улстөрч болон тэдгээрт холбогдолтой аж ахуйн нэгж, компаниуд хэдийн хэрийн хэмжээний зээлийг ямар зориулалтаар авсан тухайг мэдэхийг хүсч байсан.
Тэгвэл одоо ард түмний хүсэн хүлээж байсан бондын мөнгөний зарцуулалтын талаарх мэдээллийг олж мэдэхэд цаг хугацааны асуудал боллоо. Яг үнэндээ өнгөрсөн Засгийн газрын үед энэ талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй өгөхийг УИХ дахь МАН-ын ажлын хэсгийнхэн олонтаа шаардаж байсан ч засгийн эрх барьж байсан АН-ын ах нар идэж уусан зүйл байхгүй, бүх зүйл хууль журмынхаа дагуу явагдсан хэмээн хэлж байсан удаатай.
Ямартай ч том том төсөл цаасан дээр бичиж хэдэн тэрбумаар нь мөнгө авсан хэсэг бүлэг этгээдүүд энэ удаад гарцаагүй илчлэгдэх нь тодорхой боллоо.
Ямартай ч 2014 онд Чингис бондын эх үүсвэрээр 10 төсөлд мөн Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээр буюу 580 сая ам.долларын Евро бонд болон дүрмийн сангаар 12 төсөлд санхүүжилт хийжээ Тэгвэл бондын эргэн төлөлтийг 2017, 2018, 2022, 2023 онд “Самурай” бондын 30 тэрбум иенийн эргэн төлөлтийг графикийн дагуу хийх ёстой.
Эхний ээлжид ирэх гуравдугаар сард Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх учраас үүнтэй холбоотойгоор ойролцоогоор 520 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс төлж, үлдсэнийг нь санхүүжилт хийсэн төслүүдээс эргэн төлнө гэсэн тооцоололтой байсан аж.
Хэдийгээр 2017, 2023 оны эргэн төлөлтийг Хөгжлийн банк төлөх ч баталгаа гаргагч нь Засгийн газар тул яалт ч үгүй улсын асуудал болоод байгаа билээ. Тэгвэл бид энэхүү өрийг яаж дарах вэ гэсэн асуулт одоог хүртэл шүдний өвчин болсон хэвээр байна.
Л.Оюун-Эрдэнэ: Эхний ээлжид төлөх 580 сая ам.доллараа яах гэж байна
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эхний ээлжид төлөх 580 сая ам.доллараа яах гэж байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Дефолт гэдэг чинь 2-3 сарын дотор болохоор болчихоод байна. Үүнийг өнөөдөр хэн ч ярихгүй байна. Ямар ч шийдэл гарахгүй байна. Дефолт болвол 50 жил, цаашлаад 70 жил эдийн засаг саарна.
Өнөөгийн нөхцөл байдлыг харахад эдийн засгийн хямрал биш эрх дархтнуудын хямрал болсон байна. Чуулган анх эхэлж байхад бидэнд боломж байсан. Цаг хугацаа байсан. Одоо цаг хугацаа ч байхгүй болж байна. Улсын төсөв орлого талдаа таван их наяд төгрөг. Гэтэл Хөгжлийн банкнаас түүнтэй тэнцэх хэмжээний зээл гаргасан ч 70 хувь нь эргэн төлөгдөхөөргүй байна. Дор бүрнээ жижиг асуудал ярьсаар яст мэлхийн хурдаар ажиллаж байна” гэв.
Гишүүний хэлсэнчлэн эдийн засгийн хямрал биш эрх дархтнуудын хямрал болсон гэдэг нь бодит үнэн. Өөрөөр хэлбэл, эрх дархтнууд бүтэн нэг жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгийг үрэн таран хийж би чи дээ тулсаар байгааг бид орой бүр телевизээр харж байгаа. Ямартай ч энэ их өр хэний гараар бий болов.
Том том төсөл цаасан дээр бичиж, хэдэн тэрбумаар нь мөнгө өгөхийг зөвшөөрсөн цаад хүн нь хэн байв гээд олон асуултын учиг тун удахгүй тайлагдах бололтой.