УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2016.12.23

Ө.Энхтүвшин: УИХ ч тэр, Засгийн газар ч тэр нэг л хөдөлж өгөхгүй байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар дорвитой ахиц гарахгүй байгааг эрс шүүмжиллээ. 

Ө.Энхтүвшин: "Хариуцлага" гэдэг үгийг олон удаа амнаасаа унагаасан ч хариуцлага тооцож чадахгүй байна

Оруулж ирсэн асуудлыг дэмжихээс өөр гарц алга. Дэмжлээ гээд сайн үр дүнд хүрэхгүй. Дэмжихгүй байлаа гээд байдал дээрдэхгүй. 

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө хасах дүнтэй болсон байна. Монгол Улс Хөгжлийн банктай байх ёстой гэж үзээд хэдэн жилийн өмнө байгуулсан. Эргээд харахад “үр могой” төрүүлчихсэн юм билээ.

Монгол Улсын төсвийн орлоготой тэнцэхүйц хэмжээний мөнгөний нэг хэсгийг үрэн таран хийж, будлиантуулсан байна.

Өнөөгийн үнэн бодит нөхцөл байдлыг дэлгэн ярих гэхээр Монгол Улсын зээлжих зэрэглэл буурна, гадаад улсад нэр хүндээ алдана гээд байдаг.

Сүүлийн үед Хөгжлийн банк гэж ам нээх эрхгүй болчихоод байна.

 АН ч тэр, МАН ч тэр адилхан хувааж идсэн гэж яриад байдаг. Энэ бүхнээс болж, хариуцлага ярьж чадахаа байж. Идсэн, уусан, шамшигдуулсан хүмүүсийн тухай яагаад ярьж болихоо байчихав?

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Хөгжлийн банкны асуудлыг сонгуулиас хойш 5, 6 сар ярьсаар өнөөдрийг хүрлээ. УИХ-д 65 суудалтай манай намын хувьд “хариуцлага” гэдэг үгийг амнаасаа олон удаа унагааж байгаа боловч үнэн хэрэг дээрээ хариуцлага тооцож чадахгүй байна. Нэг л хөдөлж өгөхгүй байна.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн талаар энэ долоо хоногт хэлэлцэнэ гэсэн боловч таг чиг байна. Ц.Нямдоржийг ажлын хэсэгт нь орж ажиллаж байгаа болохоор жаахан тайвширч байна. Хэзээ энэ асуудлыг оруулж ирэх вэ?

Хариуцлагын тухай ярих ёстой. Засгийн газраас оруулж ирсэн асуудлыг өнөөдөр шийдэгдчихдэг юм байна. Асуудал үүгээр дуусахгүй шүү. Хөгжлийн банкийг АТГ-аас шалгаж байна гэсэн. Энэ асуудал юу болж байна?

Энэ оны 4 дүгээр сард МАН цөөнх байхдаа бүгд гарын үсэг зурж, Хөгжлийн банкны асуудлыг АТГ-аар шалгуулах хүсэлтээ өгч байсан. Тухайн үед АТГ хөдлөөгүй.

Тэр үед шалгаж, нөхцөл байдлыг үнэн бодитой тогтоосон бол өнөөдөр нөхцөл байдал арай л өөр байх байсан. Алдааг нь засч, залруулах боломжтой байсан.

Засгийн газрын гишүүдэд салбар салбартаа тендер, концесс, векселийн анхны өртгийг хэд дахин нэмэгдүүлсэн асуудлыг шалгаж, хууль бус зүйлийг илрүүлж, тогтоох үүрэг өгсөн.

11 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаандаа шалгалтын дүнг танилцуулах ёстой байсан. Одоо хүртэл энэ үүргээ биелүүлээгүй байна. Сайд нар хүртэл ажлаа хийхгүй байна. Хөдлөхгүй байна гэж хэлээд байгаа нь энэ.