“Хөгтэй” Хөгжлийн банк
2016.12.23

“Хөгтэй” Хөгжлийн банк

Шинэ он гарахад хуруу дарам цөөхөн хоног үлдээд байна. Байгууллагуудын шинэ жил үндсэндээ шувтарч, энэ оны амжилт, бүтээлээ дүгнэж, шилдгүүдээ шалгаруулан, ирэх оны ажлын төлөвлөгөөгөө ярилцана. Их хотын хөдөлгөөн ихсэж, хүн бүр л шинэ оноо угтахад бэлдэцгээж байна.

Харин Хөгжлийн банк, УИХ, Засгийн газрынхан нэг л дүнсгэр. 2016 оны ололт, амжилтаа дүгнэж, 2017 оноо угтах манатай байх шиг. Харин ч хором, хормоор шинэ он руу дөхөх цаг хугацааг болдог бол зогсоох, ухраах хүсэлтэй байх шиг.

Эрх баригч, сөрөг хүчнүүдийн ээлжит талцал “Хөгжлийн банк” боллоо. Эрх баригчид нэн яаралтай хаалттай хэлэлцэж, уг асуудлыг шийдье гэтэл сөрөг хүчин хойшлуулах хүсэлт тавьсаар.

Олонх Хөгжлийн банкны олгосон зээлийн 90 орчим хувь нь чанаргүй гэх. Цөөнх эрсдэлгүй зээл олгосон гэх. Ийм л нэг хөгтэй явдал Төрийн ордонд өрнөж байна.

Он гарахаас өмнө Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 1 их наяд төгрөгт хүргэхгүй юм бол олон улсад бонд гаргаж, тавьсан зээлээ хугацаанаасаа өмнө төлөх эрсдэл үүсээд байна гэж Засгийн газар мэдэгдсэн.

Олон янзын өнцөг, байр сууринаас үүдэлтэйгээр Хөгжлийн банк цаашид хэрхэх эсэх нь тодорхой болоогүй байна.

Бид дунд хугацааны евро өрийн бичгийг 2012 онд гаргасан. Бид бондоо хөрөнгө оруулалтын сан, даатгалын компани, хувийн банк, тэтгэврийн сангууд, оффшор хөрөнгө оруулагчдад худалдсан.

Эдгээр хөрөнгө оруулагчдад жилд нэг удаа олон улсын стандарт шаардлагын дагуу хэвийн, найдвартай, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаагаа тайлагнах үүрэгтэй. Гэвч Хөгжлийн банк өнгөрсөн онуудад хэвийн, найдвартай, тогтвортой байж чадсангүй.

Хөгжлийн банк ямар нэгэн шалтгаанаар өөрөө төлж чадахгүй байсан ч Засгийн газар энэ өрийг барагдуулах болно гэж үзээд удирдлага, менежмент, хяналтаа сайн ажиллуулаагүй байж магад.

Анх Шинэ төмөр зам, авто замын зураг төсөл, барилгын төслүүд, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн зарим төслийг санхүүжүүлнэ гэж байсан ч одоо бодоход эдгээр төсөл, хөтөлбөр нь удаан хугацаанд үр өгөөжөө өгөх төслүүд байж. Энэ бүхэн тухайн үедээ маш сайхан сонсогдож байсан.

Хөгжлийн банкийг байгуулалцаж байсан өндөр, дээд удирдлагууд ч бахдам сайхан ярьж, бичсэн. Хөгжлийн банк байгуулах нь зөв байсан байх. Гэхдээ зөв залж, удирдаж чадсангүй. Бидэнд тийм туршлага байсангүй.

2011 онд байгуулагдсан ч 2012-2016 онд бондоо босгож, хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж, эргээд төсөл хөтөлбөр санхүүжүүлснээрээ буруутан нь АН болж байна. Харин МАН-ынхан өнгөрсөн жилүүдэд гаргасан буруу шийдвэрүүд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд ийнхүү сөргөөр нөлөөллөө гэж ярих болж.

Өнөөдөр хэн, хэнийгээ буруутгаад байх цаг биш. УИХ шүүх танхим биш гэж хэлдэг нь ч зөв. Шийдвэр гаргадаг, гүйцэтгэдэг, хяналт тавьдаг, хариуцлага тооцдог сувьектүүд тус бүртээ сайн ажилласан бол ийм байдалд хүрэхгүй л байсан.

Хөгжлийн банк үнэхээр болохоо байчихсан банк уу? Тийм бол яагаад энэ банкийг татан буулгаж болохгүй гэж бодох хэсэг байж мэднэ.

Өөр нэг өнцөг бол Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд шинэ менежмент, арга барил хэрэгжүүлээд явбал цаашид оршин тогтнох бүрэн боломжтой гэсэн байр суурь сонсогдох боллоо. Байж болно.

Хөгжлийн банкны тухай шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Ингээд бодохоор Хөгжлийн банкаа авч үлдэх сонирхол УИХ, Засгийн газарт бий юм шиг.

Хөгжлийн банк 2012 онд олон улсад Монгол Улсын жишиг хүүг тогтоосон. Харин өнөөдөр Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагаж мэдэхээр байна. Тиймээс Хөгжлийн банкийг яаж аврах, хөрөнгө оруулагчдын итгэлийг яаж сэргээх талаар УИХ-ын гишүүд хаалттай хэлэлцэх хүсэлтэй байна.

Хаалттай хэлэлцэх гээд байгаагийн учир нь юу вэ? Тэд олон нийтэд сөрөг мэдээлэл оччих вий гэдгээс эмээж байна. “Гэм нь урдаа, гэмшил нь хойноо” гэдэг л энэ болоод байх шиг. Хөгтэй ч юм даа, Хөгжлийн банк...