УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн
2016.12.20

Б.Чойжилсүрэн: Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк 2000 орчим төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн

Яг одоо Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар "Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг тогтоолын төслийг Засгийн газар энэ оны 12 дугаар сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэж, энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд асуудлыг оруулна. Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн тогтоолын төслийг танилцууллаа.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

"Монгол Улсын Хөгжлийн банк (цаашид Хөгжлийн банк гэх) нь 2011 онд үүсгэн байгуулагдсанаас хойш, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 7 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү хугацаанд 2,000 орчим төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлснээс 5.9 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Монгол Улсын Сангийн сайдын 2011 оны 283 дугаар тушаалаар Хөгжлийн банкны дүрмийн санг 16.7 тэрбум төгрөгөөр бүрдүүлж, улмаар үе шаттайгаар нэмэгдүүлсээр банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 245.3 тэрбум төгрөгт хүрээд байна.

Гэвч Хөгжлийн банкинд үүссэн санхүүгийн нөхцөл байдалд өөрийн хөрөнгийн өсөлтийн хурд зээлийн багцын өсөлтийн хурдыг гүйцэхгүй, улмаар 2016 оны жилийн эцэс гэхэд буурахаар байгаа нь тус банк санхүүгийн зохистой харьцааны үзүүлэлтүүдээ хангаж ажиллахад хүндрэлтэй болоод байна.

Иймд банкны өөрийн хөрөнгийн зохистой байдлыг хангах, хөрвөх чадвартай актив хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна."