Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг дэмжлээ
2016.05.20

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг дэмжлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2016.05.20/ 09 цаг 17 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэй хуралдаж  Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд Самбуугийн Ламбааг томилуулах тухай асуудлыг танилцуулав.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэг чанарыг харгалзан үзсэн байна.

 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунгэрэл, Д.Сарангэрэл, А.Тлейхан, А.Бакей нар  асуулт асууж, үг хэлсэн юм. Гишүүдийн зүгээс Улсын Их Хурлаар эрүүл мэндийн салбарын тухай суурь хуулиуд батлагдаж байгааг дурдаж, эдгээр хуулиудын хэрэгжилтэд хэрхэн анхаарал хандуулж ажиллах болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар нэр дэвшигчээс тодруулж хариулт авав. Эрүүл мэндийн салбар бол чухал салбар. Иймээс энэ салбарыг эзэнтэй болгож, ажлаа сайн мэддэг хүнийг цаг алдалгүй томилох хэрэгтэй. С.Ламбаа нэр дэвшигчийн хувьд урьд нь энэ салбарын сайд байсан. Одоо Төрийн нарийн бичгийн даргын ажил хийж байгаа учраас ажлаа сайн мэддэг хүн гэж үздэг. Сонгуулийн үед төрийн албаны ажил цалгарддаг. Иймд ялангуяа сонгуулийн үед ажил цалгардуулалгүй, эрүүл мэндийн манаанд байж, мэргэжлийн хүмүүсээ дайчлан сайн ажиллахыг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей зөвлөөд нэр дэвшигчид амжилт хүслээ.

 

Ингээд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдад Самбуугийн Ламбааг томилуулах тухай саналыг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүд байгаагүй тул хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд  100 хувийн саналаар дэмжив.

Ажлын хэсэг байгуулав

Байнгын хорооны хуралдаанаар Киноны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Д.Батцогт, А.Тлейхан, Ё.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй байхаар баталлаахэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.