Монгол Улсын Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2016.05.19

Монгол Улсын Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Монгол Улсын Батлан хамгаалах тухай болон холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.05.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаарМонгол Улсын Батлан хамгаалах тухай/шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

 

Тус Байнгын хорооны 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11 тоот тогтоолоор Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Ажлын хэсэг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажилласан.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хийж дараахь санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж байна гэлээ.

Ажлын хэсгийн хүрээнд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт тусгагдсан төрийн цэргийн байгууллын удирдлага гэсэн зохицуулалтыг нэмэх, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд байх байгууллагуудыг тодотгох, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нь цэргийн дээд цолтой байх зохицуулалтуудыг шинээр нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг гаргаж Байнгын хорооны хуралдаанд оруулан хэлэлцүүлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслийн талаарх зарчмын болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Зэвсэгт хүчний тухай болон холбогдох хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээ

Дараа нь Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцууллаа.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг хэлэлцжээ. Тухайлбал, Зэвсэгт хүчнийг Үндсэн хуульд зааснаар “өөрийгөө хамгаалах” гэж тодотгох, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, төрлийн цэргийн командлагчийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бус Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч томилох, чөлөөлөх зэрэгсаналууд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан байна.

 

Хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн Л.Болд зэвсэгт хүчний бүтцэд цэргийн цагдаагийн нэгжтэй байх, түүний ажиллах журмыг Зэвсэгт хүчний Жанжин штаб тогтоох гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонхи мөн дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асуусан. Тэрбээр, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын эрх мэдлийн хуваарилалт ярвигтай байдаг. Үүнийг засч оруулж ирсэн үү гэж лавласан.

 

Ажлын хэсгийн гишүүн Ж.Энхбаярын хариулсанаар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб хоорондын олон жил зохицуулалтгүй байсан харилцааг хуулиар зохицуулж оруулж ирж байгаа аж. Цэргийн захиргааны болон цэргийн мэргэжлийн удирдлага гэж ангилсан тодотгосон бөгөөд цэргийн захиргааны, цэргийн мэргэжлийн удирдлагыг Зэвсэгт хүчний жанжин штаб шийдэж явах бол БХЯ улс төрийн асуудлаа хариуцаад явахаар хуульд тусган заагласан гэлээ.

Үүний дараа Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.