Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2016.05.19

Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.05.18.Лхагва гараг/ 14 цаг 35 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

 

Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Сономпил орчин үеийн техник, технологийн дэвшлийн үр дүнд манай улсын хуулиар төрийн нууцад хамааруулахаар заасан газрын зурагт дүрслэгдэх мэдээллийг агаар мандлаас хиймэл дагуулын тусламжтайгаар тодорхойлох боломжтой болсон төдийгүй бусад улсад газрын зургаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр нийтэд нээлттэй үйлчлэх тогтолцоо нэгэнт бүрдсэн тул уг хуулийн төслийг дэмжсэн саналыг гаргасан байна.

 

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах мөн уг хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Малын генетик нөөцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Мөн хуралдаанаар Засгийн газраас 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуулт асууж хариулт авлаа. Үүний дараа хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын шинжтэй саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулсныг дэмжив. Ингэснээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр тогтлоо.

 

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн С.Оюун Халх голыг экспортын баримжаатай газар тариалангийн бүс болгох нь буруу. Хөдөө аж ахуйн нөөц газрыг элэгдэлд оруулж ашиглах боломжгүй болгохоос болгоомжлох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өгсөн тайлбартаа, энэ асуудлаар олон улсын судлаачид, орон нутгийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг өрнүүлж олон талын санал авсан. Энэ дагуу Халх гол бүсэд хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь ач холбогдолтой гэсэн саналууд гарч, бэлчээрийн мал аж ахуйн ашиг шимийг дээшлүүлэхийн зэрэгцээ эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Харин бүтээн байгуулалт хэлбэрээр замбараагүй байдал үүсэхгүй гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг 72.7 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Хог хаягдлын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн удаах асуудал Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх байв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг 90.9 хувийн саналаар дэмжлээ.

Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан.

\

 

Газрын тухай хуулиар газар эзэмших эрхээ барьцаалж хөрөнгө босгох боломжийг газар эзэмшигчид олгосон. Харин газар эзэмшигчийн буруутай үйл ажиллагааны улмаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр “газар эзэмших эрх”-ийг буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд хуулийн дагуу “газар эзэмших эрх”-ийг барьцаалсан этгээдийн эрхийг хэрхэн хангах талаар хуульд тусгагдаагүй. Тиймээс барьцаалагчийн эрхийг хангах, хамгаалах зохицуулалтыг Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусган боловсруулсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд энэ хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар давхар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг дэмжив. Мөн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг 90.9 хувийн саналаар дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.