Огцруулах саналаасаа буцахгүй
Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдээс О.Баасанхүү гишүүн буцахаар шийдэн, саналаа татахаар хөөцөлдөж явна гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Засгийн газрын тэргүүнд хариуцлага тооцох саналаасаа та буцахаар шийдээ юу. Ийм мэдээлэл цацагдаад эхэллээ?
-Огцруулах саналаасаа буцахгүй. Анх би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хариуцлага тооцох асуудлыг УИХ-д тавьсан ч Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй болсон. Үндсэндээ хуульгүй болсон. Тийм учраас хариуцлага тооцох боломж одоо л гарч ирж байгаа. Засгийн газарт хариуцлага тооцох олон шалтгаан бий. Үндсэн хуулийн цэцэд “Lexys-570” өгсөн Засгийн газарт хариуцлага тооцохгүй гээд яах юм. Зах зухаас нь дурдахад энэ.
-Хэрвээ таныг огцруулах саналаасаа татгалзахгүй бол 2012 оны УИХ-ын сонгуульд намын нэрээр дэвшиж УИХ-ын гишүүн болсон учраас эргүүлэн татна гэсэн гэх юм?
-Намайг айлгах гээд байгаа юм уу, эсвэл янз үзээд байна уу. Наад яриад байгаа асуудлууд чинь ноцтой шүү. Гэхдээ би буцахгүй.