Улс төрд "Угсаа залгамжлагч"
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.01.15

Улс төрд "Угсаа залгамжлагч"

Ирэх даваа гарагт АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулган болно. Уг холбооны тэргүүнээр одоо ажиллаж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, улс төрөөс завсарлага авах гэж байгаагаа мэдэгдээд буй.

Харин түүнийг залгамжлах магадлал өндөртэй хүн нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа. Тэр аль ч талаараа нийгэмд үнэлэмж сайтай нэгэн. Боловсрол, мэдлэг мэргэжил, үг яриа, үйл хөдлөл, удам угсаа гээд түүнийг өөчилж гоочлох юм үгүй. Гэхдээ түүнийг дагалдаж үе үе дуулддаг шүүмжлэл бол нөхрөө Газрын тосны газрын даргаар томилуулсан гэх яриа юм. Өөрөөр Одонтуяаг өөнтөглөж байсан нь бараг үгүй байх.

Эрхэм гишүүний аав Д.Салдан өмнөх  нийгмийн үед Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан нэр хүндтэй ахмад үеийн төлөөлөл байв. Харин одоо охин нь улс төрд аавыгаа залгамжлаад явж буй. Тэрбээр ОХУ-д эдийн засагч мэргэжил эзэмшсэн, УИХ-д орж ирэхээсээ өмнө “Иргэн та баялаг” сангийн тэргүүнээр ажиллаж, соён гэгээрүүлэх чиглэлээр ном бичиж, орчуулж, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаагаараа танил болсон нэгэн.

Түүнийг хэвлэл мэдээллийнхэн парламентад цэнэг өгч, чимэг болох улстөрч эмэгтэйчүүдийн нэг гэж тодотгодог нь санаандгүй хэрэг биш байх. Тэр 2014 оноос УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. Тэрбээр амьдарч буй цаг үеэ хүний хөгжлөөр улс орны хөгжил хэмжигддэг болсон нийгэм хэмээн тодотгож байсан нь бий. Энэ өнцгөөс хүний хөгжлийн асуудалд түлхүү хандаж, Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан АН-ын урдаа барих улстөрчдийн нэг нь яах аргагүй С.Одонтуяа.