Сонгуулийн хууль учир дутагдалтай ч намд элсэхгүй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас оны өмнөхөн баталсан Сонгуулийн тухай хуулийн талаар байр суурийг нь сонирхлоо.
-Сонгуулийн тухай хуулийг баталсан ч шүүмжлэх хүн олон байна. Таны хувьд энэхүү хуулийг хэрхэн харж байгаа вэ?
-Сайн хууль болсон гэж хэлж чадахгүй. Хамгийн наад зах нь, сонгуулийн сурталчилгааны хугацаа маш богино. Өмнө нь 30-35 , дараа нь 21 хоног болж байсан. Одоо тэгсэн 18-хан хоног байхаар тусгасан. Үүнээс олон нийтийн санал өгөх болон сонгуулийн тов зарласан хугацааг хасахаар 16 хоног болж байна. Ийм богино хугацаанд УИХ-д шинээр нэр дэвшин өрсөлдөх хүмүүст их хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, ямар ч боломжгүй болж байгаа юм. Энэ мэтчилэн учир дутагдалтай, сайн хууль болж чадаагүй гэж үзэж байна.
-Гэхдээ хууль бүхэлдээ муу болоогүй биз дээ?
-Тэр ойлгомжтой шүү дээ. Авууштай зүйл, заалт ч бий. Тухайлбал, сонгуулийн саналыг гар аргаар болон хар машинаар тоолж баталгаажуулна.
-Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх явцад бие даагч гишүүдийн зүгээс ямар санал оруулж, батлуулсан юм бэ?
-Тухайн хүн бие дааж УИХ-д нэр дэвшихдээ 801 хүний саналыг авсан, өөрөөр хэлбэл зөвшөөрсөн гэх гарын үсгийг нь цуглуулсан байх ёстой байдаг. Өмнө нь нэг л хүний бичиг баримт зөрчилтэй байх юм бол хасчихдаг байлаа шүү дээ. Үүнийг бие даагч гишүүдийн зүгээс болиулж чадсан. Хувь хүний бичиг баримтын жижигхэн зөрчлөөс болж тухайн нэр дэвшигчийн сонгох, сонгогдох эрхийг нь хохироож болохгүй гэж үзсэн болохоор тухайн саналыг оруулж байсан.
-Та шинэхэн мэндэлсэн Сонгуулийн тухай хууль бие дааж нэр дэвших гэж байгаа хүмүүст их халгаатай гэх утгатай зүйлийг хэллээ. Үүнийгээ товчхон тайлбарлахгүй юу?
-Бие дааж нэр дэвших боломжтой. Гэхдээ сурталчилгааны хугацаа их богино болохоор хэцүү. Ямар хүмүүс УИХ-д орж ирэх боломжтой гэхээр том намуудын жагсаалтаар болон УИХ-д олон жил суусан гишүүдэд илүү боломжтой. Өөрөөр хэлбэл, тэднийг бүгд л танина. Хэн ч огт танихгүй хүндээ санал өгөхгүй шүү дээ. Энэ утгаараа бие дааж нэр дэвших гэж байгаа хүмүүсийн хувьд хүндрэлтэй гэж харж байна. Өөрийгөө таниулах, сурталчилах тал дээр хугацаа нь богино.
-Бие даагч болон жижиг намуудыг хавчсан хуулийг баталсан болохоор бие даагч гурван гишүүний нэг болох С.Ганбаатар саяхан Хөдөлмөрийн үндэсний намд элсчихлээ. Таны хувьд энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвших үү, эсвэл ямар нэгэн намд гишүүнээр элсэх үү?
-Би нам байгуулах гэж үзсэн. Харамсалтай нь, энэ сарын 1-нээс хойш ямар ч нам байгуулах боломжгүй болгочихлоо. С.Ганбаатар гишүүн маань Хөдөлмөрийн үндэсний намд элссэн. Энэ бол хувь хүний сонголт, би хүндэтгэж байгаа. Харин Ц.Даваасүрэн гишүүн бид хоёрын хувьд Хөдөлмөрийн үндэсний намд элсэхгүй. Ганцхан энэ нам ч биш өөр ямар нэгэн намын гишүүн болохгүй.
-Энэхүү хуультай холбогдуулан бие даагч гишүүдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдсэн. Шалтгааныг нь сонирхож болох уу?
-Аливаа Сонгуулийн тухай хууль гэдэг сонгуулиар дамжуулж төрийн эрхийг барина гэсэн үг. Тэгвэл төрийн эрхийг Үндсэн хуулийнхаа хүрээнд барих ёстой. Түүнээс биш Үндсэн хуулиа зөрчиж, төрийн эрхийг барьж болохгүй.
-Өөрөөр хэлбэл, намын жагсаалтыг хэлээд байна уу, та?
-Тийм. Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг шууд ард түмнээсээ сонгоно гэж заасан байдаг. Түүнээс биш намаар дамжуулж сонгоно гэж байдаггүй. Энэ асуудлаар л Үндсэн хуулийн цэцэд хандана. Бүх зүйл бэлэн болчихсон. Хараахан өгч амжаагүй байна.