Гацууртын ордыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2016.01.14

Гацууртын ордыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Гацууртын алтны орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм.

Засгийн газрын зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай ярилцсаны үндсэн дээр Гацууртын орд дахь төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах шийдэлд хүрсэн юм.

Уул уурхайн сайдын тайлбараар уг ордыг ашигласан нөхцөлд Монгол Улс рояльтын 3 хувийн татвар авна. Энэ нь 432.3 тэрбум төгрөг буюу нийт ашгийн 68.2 хувь оногдоно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Мөн жилдээ 5 тонн алтыг төв банкинд тушаана. Своп нөхцөлөөр тушаасан нөхцөлд 189 сая ам долларын орлого бүрдэх юм байна.

Мөн ордоос 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдана. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох урьдчилсан тооцоо байна.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Ноён уулын мөнх цэвдэг нөлөөгүй гол нь ширгэхгүй гэдгийг баримттайгаар мэдээлэнэ үү. Хэн гэдэг эрдэмтний ямар дүгнэлт гарсан юм бэ, мөн цианитаар хордохгүй гэдэг дүгнэлтийг хэн гаргасан юм бэ. Эдийн засгийн хувьд ямар ашигтай вэ.

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Байгаль орчны байнгын хороон дээр хийсэн хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэд ноцтой асуудал тавьсан. Хүнцлийн хор 8000 дахин их байгаа асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Цаашид үндсэн ордод олборлолт явуулахад химийн хорт бодис ашиглана. Тэр ямар хэмжээнд нөлөөлөхийг тооцож чадаагүй”

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ард иргэд уг ордыг ухуулахгүй гэж маш их тэмцсэн. Улс төрчдийг популизм хийж байна гэж хэлж болно. Гэхдээ жирийн иргэд яагаад үүнийг ухуулахгүй гэж тэмцэж байгааг бодох ёстой. Ноён уулыг ухах асуудал одоо л яригдаж байгаа зүйл биш. 100 жилийн өмнө энэ уулыг ухахыг Богд хааны зарлигаар зогсоож байсан. Үнэхээр ёс суртахуунтай Засгийн газар байсан байна” гэлээ.

Уг асуудлыг гишүүдийн дийлэнх нь дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.