Сонгуулийн тухай сонирхолтой баримтууд
2016.01.05

Сонгуулийн тухай сонирхолтой баримтууд

Сонгуульд саналаа өгөхгүй бол паспортыг нь хурааж авдаг

Дэлхийн 20 гаруй оронд сонгуулийн насны хүмүүс заавал саналаа өгөх  хуультай. Эдгээр орноос ихэнх нь саналаа өгөөгүй хүнд хуулийн хариуцлага хүлээлгэдэггүй. Гэхдээ Австралид сонгуульд оролцоогүй бол торгуулна. Перу, Грекэд зарим төрийн байгууллагаас үйлчилгээ авах эрхийг нь хасдаг. Харин 18-аас дээш настай Бразилийн иргэн хүндэтгэх шалтгаангүйгээр сонгуулийг “тасалвал” дараагийн сонгуульд саналаа өгөх хүртэл паспортыг нь хурааж авдаг. 

Покер тоглоод хожсон нь хотын дарга болъё

АНУ-ын Нью-Мехико мужид хэрэв хоёр нэр дэвшигчийн санал тэнцвэл ямар нэгэн тоглоом тоглож хожсон нь ялна гэсэн хууль үйлчилдэг. 1998 онд хотын даргын сонгуульд өрсөлдсөн Жеймс Фаррингтон, Жоан Карлсон нарын санал тэнцжээ. Жеймс покер тоглохыг санал болгосон бол Жоан шоо хаяна гэжээ. Үр дүнд нь зоос шидэн, покер тоглохоор болж Жеймс хожсоноор хотын дарга болжээ. 

3000 гишүүнтэй парламент

Дэлхийн хамгийн том парламент болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал нь 3000 гишүүнтэй. Бүрэн бүрэлдэхүүнээрээ жилд нэг удаа чуулдаг. Ардын хурлын аварга том ордон Тяньинминий талбайд оршдог. Жил болгоны чуулганаар хурлын гишүүд төрийн өндөрлөгүүдийн илтгэлийг сонсч, цөөн хүний урьдчилан боловсруулсан хуулийг дуу нэгтэй баталдаг. Энэ хурлыг сурвалжилсан барууны сэтгүүлчдийн бичиж буйгаар илтгэлүүд нь маш уйтгартай учраас зарим гишүүн хуралдааны төгсгөлд аргагүйн эрхэнд эвшээж эхэлдэг байна.

АНУ-ын нэг өдрийн ерөнхийлөгч

1849  онд АНУ-ын Сенатын дарга, Мисури мужийг төлөөлсөн сенатор Дэвид Райс Атчисон нэг өдрийн турш АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан гэсэн яриа байдаг. Учир нь АНУ-ын 12 дахь ерөнхийлөгч Закари Тейлорийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ням гаригт тохиосон учраас энэ өдөр тангараг өргөхөөс татгалзжээ. Энэ тохиолдолд ерөнхийлөгчийн үүргийг Сенатын дарга гүйцэтгэх ёстой гэсэн журмын дагуу Дэвид Райс Атчисон нэг өдөр ерөнхийлөгчийн ажил хийсэн байна. Учир нь Атчисоны шарилын дэр чулуун дээр “АНУ-ын нэг өдрийн ерөнхийлөгч” гэж бичсэн байдаг. 

Дэвид Райс Атчисон

Нэг жилээр ерөнхийлөгчийг сонгодог

Швейцарт ерөнхийлөгчийг холбооны 7 зөвлөлөөс бүрдсэн парламентын хоёр танхимын хамтарсан хурлаар нэг жилийн хугацаатай сонгодог байна. Уламжлал ёсоор дэд ерөнхийлөгч нь ерөнхийлөгч болдог.

Хамгийн этгээд сонгуулийн уриа

1989-1996 онд Африкийн Либер улсад иргэний дайн болсон. Энэ дайн нь хоёр талын биш, хэд хэдэн сөргөлдөгч талууд оролцсон дайн байлаа. Үүнээс нэг талыг Чарльз Тейлор гэгч хүн удирдаж толгойл байжээ. Олон улсын энхийн ажиллагааны үр дүнд дайн дуусч 1997 онд Либерт ерөнхийлөгчийн сонгууль болов. Тейлор сонгуульд өрсөлдөхдөө “Тэр миний эхийг алсан. Тэр миний эцгийг алсан. Би түүнд саналаа өгч байна” гэсэн уриатай нэр дэвшээд 75 хувийн саналаар ялжээ. 

Чарльз Тейлор