МАХН-тай МАН хамтарч ажиллах шаардлага байна
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.12.18

МАХН-тай МАН хамтарч ажиллах шаардлага байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

Урт хугацааны хөгжлийн хөтөлбөртэй болох ажлын хэсэгт та орж ажиллаж байгаа. Уг хөтөлбөрийн ажлын явц ямар түвшинд байгаа вэ?

-Улсын их хурал дээр гурван намын бүлгийн дарга нараар ахлуулсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Уг хөгжлийн хөтөлбөртэй холбогдох хөгжлийн төлөвлөлтийн тухай хууль баталсан. Улс төрийн намууд бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн улс орныхоо ирээдүйг харсан хөгжлийн хөтөлбөр боловсруулах шаардлага бидэнд байна. 2021 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх мянганы хөгжлийн зорилтод суурилсан хөтөлбөр бий. Уг хөгжлийн хөтөлбөр дөрвөн жилийн дараа буюу нэг сонгуулийн дараа дуусах гэж байна.

Сая НҮБ мянганы хөгжлийн зорилтуудаа авч үзээд шинээр хөгжлийн зорилтууд дэвшүүлэн тавилаа. Хамгийн сүүлд дэлхийн удирдагч нар Парис хотноо цугларч дулаарал, цаг уур, байгаль орчинтой холбоотой томоохон бичиг баримтууд баталлаа. Нэг ёсондоо ойрын жилүүдэд дэлхийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөх томоохон бичиг баримтууд баталсан. Тиймээс бид дотоод гэлтгүй гадаадад баримтлах-бичиг баримтаа өөрчлөх шаардлагатай болж байгаа. Энэ утгаараа одоогийн парламентын үед хамгийн олон улс төрийн намын төлөөлөлтэй байгаа дээрээ урт хугацааны хөгжлийн хөтөлбөрөө боловсруулах нь зүйтэй.

Ард түмэн, эрдэмтэн, судлаачдынхаа саналыг авч уг хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Эхнээсээ хувилбарууд гарч хэлэлцүүлэг өрнүүлж байна. Аливаа улс хөгжихийн тулд төлөвлөлт хэрэгтэй. Тиймээс ойрын 20 жилийн төлөвлөлт хийгээд, түүнийхээ дагуу улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг болохгүй бол тогтсон бодлогогүй яваад байна. Сонгогчдод гоё санагдаж болох ч хэрэгжих боломжгүй, шинжлэх ухааны тооцоо судалгаагүй, бусад салбартайгаа уялдаагүй байдаг. Хөгжлийн аливаа бодлого хоорондоо нягт холбоотой байх ёстой.

-Тэгэхээр ойрын хэдэн жилдээ бид урт хугацааны хөгжлийн ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа гэж би түрүүн хэллээ. Уг хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаач нараас гурван гол санаа гарч ирж байгаа юм. Нэгдүгээрт, төр засаг аливаа шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн салбарынхны үгийг сонсож шийдвэр гаргаж байгаач гэсэн санал. Ямар ч тооцоо, судалгаагүй сэтгэлийн хөөрлөөр гаргасан төрийн шийдвэр тус биш ус болж байна гэдгийг онцолж байгаа юм.

Хоёрдугаарт, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг бид баталж болно. Баталсан хойноо аль ч улс төрийн хүчин засгийн эрхэнд гарсан бай тогтвортой хэрэгжүүлээд явдаг чин эрмэлзэлтэй байгаасай гэж байгаа юм. Тэгэхгүй бол нэг нам нь нөгөөгөө үгүйсгэсэн шийдвэр гаргаад байдаг. Үүнийг хэрэгжүүлдэг төрийн захиргааны бүтэц бий болгоё. Монгол Улсын эдийн засгийн ерөнхий төлөвлөлтийг хийгээд явж байдаг байгууллагыг Засгийн газрын бүтцэд оруулаач гэсэн саналтай байгаа. Гуравдугаарт, олон мөрөөдлийн жагсаалт байж болохгүй. Тиймээс гадаадын өөрчлөлт, дотоодын чиг хандлагаа барьсан Монголын хөрсөнд буусан тодорхой хөгжлийн загвар гаргая гэж үзэж байгаа юм.

-Монгол Улс гадаад зах зээлд хэрхэн өрсөлдөж эдийн засгаа тэлэх боломжтой вэ?

-Манай эдийн засагт ирээдүйд өрсөлдөх чадамж бүхий таван гол салбар байна гэж харж байгаа. Бид нарын үйлдвэрлэсэн ямар бүтээгдэхүүнийг гадныхан сонирхох вэ гэдэг чухал. Мөн бидэнд ямар боломж, ямар нөөц байна вэ гэдгийг судлах ёстой. Бэлэн хувцас оёод гадны зах зээл дээр өрсөлдөж чадахгүй. Хятад, Индонез, Энэтхэгийн олон мянган хүнтэй, маш хямд ажиллах хүчинтэй өрсөлдөөд амжилт олно гэдэг худлаа. Мөн барууны брэнд дундуур орж бүтээгдэхүүнээ борлуулна гэдэг хүнд. Дотоодынхоо хэрэгцээг ханган ажлын хувцас ч юм уу үйлдвэрлэж болох ч тэр нь эдийн засгийг хөдөлгөх томоохон хүч болж чадахгүй.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Эсвэл бид одоохондоо өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэвэл хөдөлмөрийн соёл, чадавхи, санхүүгийн боломж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөх чадавхи байна уу, үгүй юу. Тухайлбал, гар утас үйлдвэрлээд “Samsung”, “Арр1е’’-тай өрсөлдөж чадах уу. Тэгвэл урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт ямар боломж байна вэ гэдгийг таван гол чиглэлээр харж байгаа юм. Нэгдүгээрт, уул уурхай. Олон улсын тавцанд байгалийн баялаг, ихтэй орон гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн. Тиймээс байгалийн баялгаа тодорхой хэмжээнд боловсруулалт хийж экспортлох боломж байна. Хоёрдугаарт, эрчим хүчний тоглогч байж болно. Өнөөдөр эрчим хүчийг нүүрс, сэргээгдэх эрчим хүч болох нар, салхи, уснаас гаргаж авч байна. Дээрээс нь атомын цахилгаан станц буюу уранаас гаргаж авч байгаа. Энэ гурван нөөц Монголд хангалттай, дэлхийд эхний тавд бичигддэг. Хятадаас эхлээд дэлхийн олон улс эрчим хүчний дутагдалтай байдаг. Тиймээс энэ гурван нөөцөө тулгуурлаж байгальд ээлтэй, шинэ технологиор алсад экспортлох боломж байна гэж харж байгаа.

-Энэ жилээс мах боловсруулж экспортод гаргая гэж ярьж байгаа. Энэ урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгагдаж байгаа юу?

-Урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн гуравдугаарт, экологийн гаралтай органик бүтээгдэхүүнээр тодорхой зах зээлд гарах боломж байна гэж үзсэн. Тэгэхгүй бол нийт зах зээл дээр өрсөлдөнө гэвэл дийлэхгүй. Монголын 56.2 сая малыг хонин толгойд шилжүүлбэл 92 сая мал өвөлжиж байгаа. Бүх малаа гадаадын зах зээл рүү гаргалаа гэж бодоход Хятадын долоохон хоногийн махны хэрэглээг хангана. Монголын бүх малыг хятадууд долоо хоног иднэ гэсэн үг. Тэгэхээр Монголын мах юугаараа бусад улсынхаас давуу талтай вэ гэдгээ харах ёстой. Байгалийн бэлчээрт цэвэр экологийн өвс идэж байгаа. Тиймээс давуу талаа олон улсаар баталгаажуулан хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Түүнээс биш манайх мал аж ахуйн орон гээд махны зах зээл рүү орвол дийлэхгүй.

Зөвхөн үхрийн махны зах зээл ярихад Бразил улс 154 сая үхэртэй. Махны зах зээлийн дундаж тоглогч улс болох Уругвай гэхэд 12 сая үхэртэй байна. Тэд нарын дэргэд 3,6 сая үхэртэй Монгол Улс амжилт олохгүй. Дээрээс нь манайх махны чиглэлийн үхэргүй. Тиймээс бид органик хуулийн төсөл санаачлан ажиллах ёстой юм. Тодорхой зорилтот зах зээл дээр органик мах нийлүүлэх боломж бий. Түүнээс биш нэг тэрбум ам.долларын мах Хятад руу нийлүүлж чадахгүй. Манайд тийм чадавхи, нөөц алга.

Гадагшаа худалдаа хийнэ гэдэг ганцхан удаа нийлүүлэлт хийхийг хэлэхгүй. Арав, хорь, гучин жилээр урт хугацааны гэрээ байгуулж байж гадны зах зээлд нийлүүлэлт хийнэ. Түүнчлэн бид тодорхой салбар дээр буюу оюун ухаан шаарддаг бизнесийг хөгжүүлэх боломжтой. Тухайлбал, автосоурсингийн чиглэлээр гаднаас захиалга авч дотооддоо програмчлал хийж болно. Монголын хүн амын дундаж боловсролын байдал өндөрт тооцогддог. Залуучууд ихтэй болохоор бидэнд хөгжих боломж байгаа. Бас нэг боломж бол аялал жуулчлалыг хөгжүүлэх. Гэхдээ бид аялал жуулчлалын үйлчилгээг олон улсын стандартад хүргэж байж амжилт олно. Дээрх таван чиглэлээр бид ойрын хугацаанд олон улсын тавцанд өрсөлдөх боломжтой гэж харж байгаа.

-Гэхдээ дээрх таван чиглэлийн ихэнх нь зогсонги байдалд байгаа. Уул уурхай гэхэд л Монголын хөгжлийн бодлогыг тодорхойл ох зүйл биш гэж ярьж байна. Махаа экспортолъё гэхээр ганц ч боловсруулах үйлдвэр алга.

-Бид нарт олон зүйл дутуу байгаа нь үнэн. Уул уурхайн бүтээгдэхүүн тодорхой циклээр босдог, унадаг. Гэхдээ үнэ унасан ч гэлээ өрсөлдөх чадвартай байж болдог. Харамсалтай нь 2012 оноос хойш уул уурхайн салбарынхаа өрсөлдөх чадварыг үгүй хийсэн. Хэрвээ бид тухайн үед гаргасан шийдвэрээ цуцлаагүй байсан бол өнөөдөр ажил хэрэг болоод явж байх байсан. Үнэ унасан ч гэлээ өрсөлдөх чадвартай байх байлаа. Уул уурхай нэг өдөр дуусахад ямар эдийн засгийн салбар үлдэх үү гэдгээ улс орны урт хугацааны бодлого дотроо тусгаж байх ёстой.

МАН 2012 оны сонгуулийн өмнө 2030 он хүртэл улсаа хөгжүүлэх Ард түмний хөгжлийн хөтөлбөр санаачлан боловсруулсан. Тухайн үедээ МАН-ын гаралтай 11 залуу санаачлан МУИС, ШУТИС, СЭЗДС, Удирдлагын академийн эрдэмтэд оролцон ажилласан юм. Шинжлэх ухааны судалгаа тооцоотой хөтөлбөр байсан. Тэр үед хоёр том эрсдэл байна гэж тодорхойлсон. Эхнийх нь улс төрийн намуудын бужигнаан. Хоёр дахь нь, Монголын эдийн засаг нэг хөлтэй байна. Тэр нь уул уурхай. Хэрэв уул уурхай унах юм бол Монголын эдийн засагт хямрал бий болох юм байна гэж үзсэн.

-Засгийн газрын бүтэц өөрчлөгдөхийн хэрээр өмнөх баримталж байсан бодлого алдагддаг. Үүнийг тогтворжуулж, аль ч Засгийн газрын үед баримтлах бодлоготой байх боломж байдаггүй юм уу?

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

-Нэгдүгээрт, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж Засгийн газар тогтвортой байх механизмыг хийх ёстой. Тиймээс Үндсэн хуульд ийм чиглэлийн өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол Ерөнхий сайд маш тогтворгүй байна. Дурын нэг гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьчих жишээтэй. Дурын хэдэн гишүүн нийлээд Ерөнхий сайдаа дарамтлаад байна. Энэ нөхцөл байдал Ерөнхий сайд буюу Засгийн газрыг бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж өгөхгүй байна. Ялангуяа Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг 30 хувиар ажиллаж байна гэж үзэж байгаа. Хамтарч байгаа нөхөд, нам, бүлэг нь гацаагаад байдаг. 1996-2000 оны Засгийн газар яг ингэж ажиллаж байсан шүү дээ. Тиймээс Засгийн газраа ядаж 80-аас дээш хувьтай ажиллуулж байж ард иргэд үр дүнг нь хүртэнэ. Тэгэхээр энэ асуудлыг Үндсэн хуульдаа тусган өөрчлөх ёстой. Гэхдээ өнөөдрийн эдийн засгийн хямрал болгон Үндсэн хуулийн буруу биш.

-Засгийн газар битгий хэл УИХ ажлаа хийе гэхээр аль нэг нам ажил хаях нь холгүй болчих юм. МАН өнгөрсөн долоо хоногт завсарлага авч шийдэх ёстой олон асуудлыг гацаанд оруулснаар иргэдийн шүүмжлэл танай нам руу хаяглагдаж байна шүү дээ.

-Яагаад парламент бий болсон юм бэ. Хүн болгон, улс төрийн нам болгон өөрсдийн үзэл бодолтой. Тэд нарыг гудамжинд хашгираад хоёр тийшээ хараад суучихаар ширээний ард урд урдаасаа харж, дундаа асуудлаа тавьж бодлогоо уралдуулан асуудал шийддэг арга механизмыг парламент гэдэг. Гэтэл нэг нь хэзээ ч ширээний ард суухгүй гөжөөд, өөрийнхөөрөө зүтгээд гарж явчихаад байна шүү дээ.

Яг өнөөдрийн бодит байдалд хэн хаалганы гадна талд байна вэ гэхээр АН байгаа. МАН Дээд шүүхэд бүртгэлтэй 20 намынхаа төлөөлөлтэй хамт танхимд, ширээний ард суугаад хүлээгээд байна. Сонгуулийн хуулиа ярья, хар машинд ард түмэн итгэхгүй байна. Үүнийгээ ярилцаж шийдье гээд зааланд орж суучихаад байгаа. Ганцхан нам гадаа байгаа нь АН. Бусад нь хамтдаа хүлээж байна.

-Өнгөрсөн амралтын өдрөөр МАН-ын бага хурал болсон. Уг хурлын үеэр ямар асуудал яригдсан бэ?

-Дотоод эв нэгдлээ хангасан, боловсон хүчин, санхүүгийн бодлогоо шинэчилсэн хурал боллоо. Хүн ам, боловсон хүчнээ сонгох журамдаа өөрчлөлт орууллаа. 2016 оны бүх шатны сонгуульд нэр дэвших хүмүүсээ намынхаа анхан шатны байгууллага, намын гишүүдээр хэлэлцүүлэх журмаа баталлаа. Сонгуулийн бэлтгэл хангах асуудлаа дотооддоо ний нуугүй ярьж авлаа. Нэг ёсондоо сонгуулийн жилийн босгон дээр сонгуульд бэлтгэх бэлтгэлээ хангасан ажил хэрэгч хурал болсон.

-МАХН-тай нэгдэх тухай асуудлын талаар ярив уу. Намын гишүүд МАХН-тай нэгдэх асуудалд ямархуу байр суурьтай байгаа вэ?

-Улсын дээд шүүхийн 19 дүгээрт бүртгүүлсэн МАХН- тай МАН хамтарч ажиллах шаардлага байна. Зөвхөн МАХН гэлтгүй бусад улстөрийн хүчин, иргэний нийгмийн байгууллагатай Монголын язгуур ашгийн төлөө болдог бол нэгдэж, болохгүй бол хамтарч ажилламаар байна. МАХН дотор манай намын гаралтай хүмүүс тодорхой хувийг эзэлж байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол манай нам биш. Шинэ улс төрийн хүчин. МАХН-тай эвсэж сонгуульд орохын цаад үр дагаврыг бид сайн судлах ёстой. Нэгдэж нийлээд явахад санал нэгтэй байгаа.