МАН, МАХН нэгдэх эсэхийг шийдээгүй байна
МАН-ын дарга М.Энхболд
2015.12.15

МАН, МАХН нэгдэх эсэхийг шийдээгүй байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын Бага хурал болсон. Бага хурлын үр дүнгийн талаар МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Нэр дэвшигчдээ яаж сонгох шийдвэр гаргасан бэ. Өмнө нь хандив өгснөөр нь шийдэж байсан?

М.Энхболд: -Өмнө нь хандивын хэмжээгээр нэр дэвшүүлээд байсан практик манай намд байхгүй. Сонгууль дөхөхөөр хамгийн гарах магадлалтай хүн хэн байх вэ гэдэг дээр төвлөрч ажилладаг. Хэлэлцүүлгийн журам дээрээ намын анхан шатны байгууллага, орон нутгийн иргэдийн санал бодол ямар байна вэ гэдгийг үндэс суурь болгож авч үзнэ. Тэнд гарсан нэрс, иргэдэд танигдсан байдал, иргэд хүлээн зөвшөөрсөн байдал, зэргийг харгалзаж үзээд аймаг, нийслэлийн намын хороод дээр түүнийг нэгтгэж УИХ-д нэр дэвшигчдийг Удирдах зөвлөл, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг аймаг, нийслэлийн намын хороод дээр ярьж эцсийн шийдлийг гаргана.

Эцсийн шийдвэр гаргахдаа анхан шатанд хийгдсэн хэлэлцүүлэг, олон түмний санал бодол ямар байна вэ. Хоёрдугаарт, тухайн нэр дэвших хүн улс төрчийн хувьд тухайн сонгогдохоор өрсөлдөж байгаа хууль тогтоох юм уу орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шаардлагыг хэрхэн хангаж ажиллаж чадах хүн байна уу, энэ бүх талыг харгалзаж үзнэ. Судалгаа хийж байна, ямар байдлаар рейтинг нь өсч байна вэ, буурч байна вэ гэдгийг эцсийн байдлаар шийднэ. Ийм журам гарсан. Намын санхүүгийн хувьд УИХ-д байгаа суудлынхаа хэмжээгээр улсын төсвөөс тодорхой дэмжлэг авч байдаг. Нөгөөтэйгүүр, гишүүдийн татвар, хандив сонгуульд өгөхөд санхүүгээ бий болгож, сонгуулийн сурталчилгаа, дэвшүүлж тавьж байгаа бодлогоо олон нийтэд хүргэж ажиллана. МАН-ын санхүү тодорхой байдаг. Гүйцэтгэх дээд байгууллагаараа жил болгоны төсөв, сонгуулийн жилийн төсвийг бүх талаас нь тооцож баталдаг. Өнөөдрийн хэрэгжиж байгаа Улс төрийн намын тухай хууль, санхүүгийн холбогдолтой хуулийн хүрээнд гарах ёстой бүх мэдээллийг гаргаж байдаг.

-Бэлэн мөнгө тараасан шийдвэр хэр оновчтой байсан гэж бодож байна вэ. Намууд сонгуулиар бэлэн мөнгө амлаж, тараасан нь буруу гэж шүүмжилж байгаа?

-Тооцоо судалгаагүй, зорилго нь тодорхойгүй их хэмжээний мөнгө улс орны эдийн засгийг өөд нь татаж авч явах биш уруудан доройтуулж, буруутгадаг юм байна гэдэг үг хэлсэн. Үүнтэй холбоотой АН-ын дарга өмнө нь иргэн бүртээ 21 мянган төгрөг тооцоо судалгаагүй өгч, зарагдаж байсныг хэлсэн байдаг. Тухай, тухайн үедээ УИХ, Засгийн газар хүүхдэд, иргэдэд мөнгө өгөх асуудлыг шийдэж байсан.

-МАН УИХ-д жагсаалтаар сонгогддог асуудалд ямар байр суурьтай байна вэ. Энэ долоо хоногт МАН-ын бүлэг байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцох уу?

-МАН УИХ-ын үйл ажиллагааг гацаагаад байсан зүйлгүй. УИХ-д суудалтай нам, эвслийн бүлэг тодорхой асуудал дээр завсарлага авч байгаа. Бид Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьж байгаа. УИХ хэлэлцээд эхэлсэн асуудлаа тодорхой шалтгаангүйгээр зогсоож болохгүй. Тэр тусмаа тухайн асуудлын хэлэлцэх хугацаа нь дуусгавар болох гэж байгаа үед УИХ-ын дарга гэдэг хүн мэдээд, хаагаад байж болохгүй. Өнөөдөр сонгуулийн хуулийн ямар тогтолцоо Монголд таарахыг ард түмнээсээ асууя гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард санал гаргасан. МАН-ын саналыг хэлэлцэхгүй гэсэн. Гурван жилийн өмнө байгуулагдсан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг төслөө УИХ-д оруулж ирэхгүй байсан. Бид улс төрийн 21 намтай хамтраад Сонгуулийн хуулийн төсөл боловсруулсан. АН-аас бусад намын төлөөллын гишүүд оролцсон төслөө өргөн барихад гурван жил ажилласан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг мөн төслөө өргөн барьсан. Бид асуудлыг өмнө нь түүчээлж явахгүй бол эрх баригчид хөдлөхгүй байна. Монголын 22 улс төрийн хүчнээс ганцхан нам л сонгогчдын саналыг гараар тоолохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид сонгогчдын санал хураалтыг хар машинаар тоолсныг гараар дахин нэг удаа баталгаажуулахгүй бол иргэд итгэхгүй байна.

-МАН, МАХН хоёр нэгдэх талаар бага хурлын гишүүд ямар байр суурьтай байсан бол?

-Өнөөдөр хоёр нам нийлэх асуудлыг хэлэх боломжгүй. Өнөөдөр М.Энхболд, Н.Энхбаяр хоёрын шийдэх асуудал биш. Өнөөдөр тодорхой хариулт хэлэх боломжгүй байна. Бид өнөөгийн нөхцөл байдлыг харж байна. Хоёр намын удирдлагууд уулзаж, санал бодлоо хуваалцаж байгаа.