МАН хүчээ зузаатгалаа
МАН-ын Бага хурал
2015.12.14

МАН хүчээ зузаатгалаа

Шинэ он гарахаас урьтаж, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж буй МАН-ынхан өнгөрсөн Бямба гаригт Бага хурлаа хийлээ.

МАН-ын Бага хурал 310 гишүүнээс бүрддэг ч энэ удаад 200 гаруй нь оролцож, 29 гишүүнийг чөлөөлж, мөн тооны гишүүдийг нөхөн томилжээ. Чөлөөлөгдсөн гишүүдийн дунд МАХН руу “урвасан” УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар байсан аж. Мөн Бага хурлаас Удирдах зөвлөлөө өргөтгөх шийдвэр гаргажээ. Нийт 10 хүнээр Удирдах зөвлөлийнхөө хүчийг зузаатгаж, 31 болгосон байна. Сонгууль дөхсөн нь намын бодлого зангиддаг гол субъектийнхээ хүчийг зузаатгахад хүрсэн бололтой. Ингэхдээ МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ө.Энхтүвшин, Шадар сайд асан У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатар нарыг Удирдах зөвлөлийн гишүүнээр дахин сонгожээ.

МАН 2013 онд Их хурлаа хийж, Удирдах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн батлахдаа дээрх гишүүдийг “Намыг сонгуульд ялагдуулсан” гэж хариуцлага тооцон зөвхөн Бага хурлын гишүүнээр үлдээж байсан юм. Харин энэ удаад эргүүлэн Удирдах зөвлөлдөө томилсон нь ирэх сонгуульд ажлын дадлага, туршлага, боловсрол, мэдлэг нь хэрэг болно гэж тооцсоных аж. Нөгөөтэйгүүр, ийм итгэл хүлээлгэсэн нь 2016 оны УИХ-ын сонгууль ямар ч тогтолцоогоор зохион байгуулагдсан тэднийг намаас нэр дэвшүүлэн, УИХ-д гаргаж ирэх давхар тактик ч байж мэдэх нь. МАН-ын дарга М.Энхболд шат, шатны сонгуульд нэр дэвших хүмүүстээ ноён нуруу, мэдлэг боловсрол, ёс суртахуун, хийсэн ажлыг нь гол үзүүлэл болгон шалгуур тавихаа мэдэгджээ.

Удирдах зөвлөлд нэмж сонгогдсон зургаан гишүүнийг тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Нийгмийн ардчилал Монголын оюутны Холбоо /НАМОХ/-ны ерөнхийлөгч Д.Гантулга, МАН-ын Ахмадын холбооны ерөнхийлөгч С.Төмөр-Очир нар юм байна.

Энэ удаагийн Бага хурлаар МАН МАХН-тай нэгдэх эсэхээ ярилцсан ч тодорхой шийдвэр гаргасангүй. Намын даргынх нь гишүүддээ өгсөн захиасаар бол энэ асуудал “түүхий” байна.

Бага хурлын гишүүдэд өгсөн МАН-ын даргын мэдээллээр бол ахмадууд санаачлага гаргаж хоёр намыг нэгдэхийг уриалсан. Тэр хүрээнд МАН, МАХН-ын удирдлагууд уулзалт хийжээ. МАН-ын Удирдах зөвлөлөөр ч асуудлыг ярилцсан байна. Гэхдээ МАН-ын залуучуудын зүгээс хамтрах асуудалд "судалгаа, тооцоотой хандах ёстой, сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй” гэдэг байр суурь илэрхийлж буй аж.

Нөгөө талдаа МАХН-ын дарга хэлсэн ярьсандаа тууштай биш байгаа нь нэгдэх асуудлыг улам холдуулж байгаа гэнэ. Зарим гишүүнийх нь хэлж буйгаар МАХН-ын дарга нэгдэж нийлэх юм шиг итгэл төрүүлэх замаар МАН-ынхныг зальдах тохиолдол гаргаж байгаа гэнэ. Үүнээс ч болсон уу, МАН-ын дарга гишүүддээ “Хоёр намын нэгдлийн асуудлыг дунд, доод шатандаа зөв ойлголцож шийдэхгүй бол МАХН-ын дарга биднийгээ зальдаад байна шүү” гэсэн утгатай зүйлийг хэлжээ. Бага хурлын гишүүд ч энэ асуудалд өөр, өөрийн байр суурь илэрхийлж, зарим нэг нь “МАХН-ын даргад албан тушаал чухал болохоос улс орны хувь заяа, ард түмний амьдрал чухал биш байна шүү дээ. Ийм хүнтэй эвссэнийхээ дараа толгойгоо барив” гэж анхааруулжээ.

Онцлоход, 2012 оны УИХ-ын сонгуулийн ялагдлаас хойш бараагаа харуулаагүй гишүүд нь Бага хуралдаа морилж ирсэн нь сонгууль ойртсоны шинж бололтой. Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай, Уул уурхай, эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд асан Ж.Сауле, Улаанбаатар хотын дарга асан Г.Мөнхбаяр нар оролцжээ.