УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаараа
2015.11.26

МАН Эрүүгийн хуулийг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаараа Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-аас 2016 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол зэргийг хэлэлцжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Бүлэг Эрүүгийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжих боломжгүй гэдэг байр суурьт нэгдсэн байна. Бүлгийн дарга С.Бямбацогт энэ тухай “Өнгөрсөн хавар УИХ-аар Эрүүгийн хуулийг хэлэлцэж байхад хуульч гишүүд эсэргүүцэл илэрхийлж, мөн МАН-ын бүлэг баялаг бүтээгчдийг дарамталсан олон зүйл ангиар өндөр торгууль тавихыг багасгаж, зүйл ангийг цөөлсөн. Хуулийн этгээдэд 14 тэрбум төгрөгийн торгууль ногдуулах байсныг 1.4 тэрбум болгож 10 дахин бууруулсан. Бусад асуудал мөн учир дутагдалтай учраас дэмжих боломжгүй байгаа” гэлээ.

Мөн тэрээр “УИХ-аас 2016 оны төсвийн хууль батлагдсантай холбоотойгоор авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд тусгасан олон зүйлтэй санал нийлэх боломжгүй байна. Цалинг бууруулахгүй байх ёстой гэсэн шаардага тавьж байсан ч бууруулна. Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно. Өнөөдөр ард иргэдийн амьдрал туйлын хүнд байна. Малчдын мал нь үнэгүйдсэн, хотондоо 30-40 мянган төгрөгийн үнэтэй болсон. Гэтэл Улаанбаатар хотын зарим иргэд бүтэн сараар мах идэж чадахгүй байна. Энэ бол өнөөдрийн төр засгийн урагшгүй үйл ажиллагаа, бодлогогүй үйл ажиллагаанаас болж иргэдийн амьдрал туйлын доройтсонтой холбоотой. Тийм учраас нийгмийн халамжийн бодлогод анхаарах ёстой. Төсвийн хууийг дагаж гарах тогтоолд тулгамдсан эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “УИХ-аар Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэж байгаад хойшлуулсан нэг том асуудал нь тооцооны нэгж гэж хаа ч байхгүй юм оруулж ирсэн. Тооцооны нэгж нь Эрүүгийн хуулийн суурь болж байгаа нөхцөлд ярих боломжгүй. Энэ асуудлыг ажлын хэсгийн түвшинд дахиж яриагүй, нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Бид тооцооны нэгжээсээ татгалзаад өөр хувилбар ярих байх гэтэл үүнийгээ зүтгүүлэх нь. УИХ-аар Эрүүгийн хуулийг хэлэлцэж байгаа нөхцөлд хэд хэдэн хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг давхар хийх ёстой. Тэр дундаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн хэлэлцүүлгийг заавал хийж, Байцаан шийтгэх хуулинд нь шингээх ёстой.

Ингэхгүй бол сүүлд нь зохицуулж болохгүй нөхцөл байдал үүсдэг. Энэ асуудал дээр хавар ойлголцоод Байцаан шийтгэх хуулийг дагаад Прокурорын хууль, Өмгөөллийн хууль гээд давхар долоон найман хуулийг хэлэлцье гэсэн, нэгдүгээр хэлэлцүүлгийг нь хийгээд Эрүүгийн хуулийг хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулж, зөрчилгүй болгож баталъя гэдэг зарчмын байр суурьтай байсан. Гэтэл бусад хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийгээгүй байж Эрүүгийн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, батлах гэж байгаа учраас  бид Эрүүгийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг дахин хойшлуулах саналтай байна. Эрүүгийн хуулийг мэргэжлийн хүмүүс л өөрчилдөг” гэсэн юм.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Ирэх оны төсөвт Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно. Хэчнээн төгрөгийн зардал суусан юм бол. Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдийн хүүхдэдээ нэн тэргүүнд олгох нь гэж ойлгосон. Өөр ямар шалгуур тавигдах юм бол?

С.Бямбацогт: Хүүхдийн мөнгөнд зориулж жилд 230 гаруй тэрбум төгрөгийг олгодог байсан бол ялгавартай олгох болсонор 110 орчим тэрбум төгрөг хасагдана.  Яг ямархуу байдлаар олгох нь хараахан тодорхойгүй байна. Гэхдээ хүүхдийн мөнгөө авдаггүй, амьдралын боломжтой хэсэгт олгохгүй гэж тооцсон. Мөн 18 нас хүртлэх хүүхэд хүүхдийн мөнгө авдаг байсан бол насыг бууруулж тооцож байгаа болов уу гэсэн таамаг байна.

-МАН Үндсэн хуулийг өөрчлөх цаг хугацаа байхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Гэтэл АН зүгээр шалтаг хэлж байна гэж байгаа?

-УИХ-ын дарга ямар ч асуудалд үзэмжээр хандаж байгаа. МАН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Тэгсэн хэр нь Н.Батбаяр гэдэг ганцхан гишүүн өргөн барихад өөрт нь таалагдсан учраас хэлэлцүүлээд явж байгаа. Энэ шударга бус байдал нь бидэнд таалагдахгүй байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг МАН дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргасан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад 57 гишүүн хэрэгтэй. Манай 25-ыг хасаад, АН-ын дэмжихгүй байгаа гишүүд ч бий. Тиймээс энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ард нийтийн санал асуулга явуулах болбол дахиад 57-оос доошгүй гишүүнтэйгээр энэ асуудлыг шийддэг горим тогтоосон. Тэгэхээр санал асуулга нь ч хийгдэхгүй. Үүнийг цааш нь хэлэлцэх нь ажлын, цагийн гарз. Ажлын хэсгийн гишүүд нь ч мэдээгүй заалтуудыг оруулсан гэж байгаа. Ер нь дараагийн парламент бүрэн эрхээ хэрэгжиж эхэлснээс хойш Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих ёстой.

Түүнээс бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар яригддаг асуудал биш. Одоогийн энэ хямрал, тартагтаа тулж байгаа нь Үндсэн хуулиас болоод байгаа юм биш. Засгийн эрх авсан эрх баригчид үүнийг хямруулаад байгаа юм. Энэ Ардчилсан намын фракц хоорондын дайн дээр хоорондоо таардаггүй МАХН, “Шударга ёс эвсэл”-ийхэн нэмэгдээд 45 хүний дунд долоон, найман фракцад хуваагдчихаад байгаа юм.

Энэ л бүх зовлонгийн үүр уурхай болоод байна. Үндсэн хуулийн энэ нөхцөлд бид 2012 онд эдийн засгийг өсгөж л байсан. 2000 онд -1 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээж  аваад 2004 онд 10.6 хувийн өсөлттэй эдийн засгийг Ц.Элбэгдоржийн Засгийн газарт хүлээлгэн өгч байсан. Асуудал Үндсэн хуульд биш эрх барьж байгаа намд л байгаа юм. Нэгнийхээ хий гэж байгаа ажилд тээг тавьсаар байгаад л бүх зүйлээ унагаж байна. Маш товчоор хэлбэл Засаглаж л чадахгүй байна. Засаглаж чадсан тохиолдолд бүх зүйлийг аваад явж болдог.