УИХ дахь МАН-ын бүлэг
2015.11.17

Үндсэн хуулийн 50 орчим заалтыг өөрчлөх төсөл өргөн барьсныг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Ард нийтийн санал асуулга, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Сонгуулийн хуулийн төслийн тухай хэлэлцэж, 2016 оны төсөв батлагдсантай холбогдуулж гарах үр дагаврын талаар санал бодлоо нэгтгэлээ.

МАН-ын бүлгийн хувьд Үндсэн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны хувьд боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа дахин илэрхийллээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар батлах ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх сонирхолтой гишүүн УИХ дотор олон биш байна.

УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг үзэхэд 50 орчим заалт хөндөгдөх нь. 50 орчим заалт хөндөгдөнө гэдэг нь Үндсэн хуулийг шинээр батлах асуудал үүснэ гэсэн үг. Энэ бол маш том эрсдэл. Үндсэн хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулж олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудал үүснэ. Тиймээс энэ УИХ давчуу хугацаанд яаран өөрчилж болохгүй. Бие даагчид, АН-ын бүлгийн олон гишүүн Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй гэдэгт санал нэгдэж байгаа. Боломжгүй зүйлийг хүч түрэх хэлбэрээр явуулах нь зохисгүй. Энэ асуудал зөвшилцөл, ойлголцлоор явах ёстой" гэв.

Мөн тэрээр Сонгуулийн хуульд нийгмийн захиалгаар, ард түмний хүсэн хүлээж байгаа асуудлыг тусгаж, сонгуулийг шударга, булхай луйваргүй явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө парламентад суудалтай намууд анхаарч ажиллах ёстойг онцлов. Одоогийн байдлаар УИХ-д сонгуультай холбоотой дөрвөн хуулийн төсөл өргөн баригдаад байна. Эхнийх нь улстөрийн 22 намын саналыг тусгаж парламентад суудалтай гурван намын төлөөлөл өргөн барьсан хуулийн төсөл юм.  Удаах нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан төсөл бөгөөд ажлын хэсгийн 15 гишүүний найм нь энэ төслийг дэмжихээс татгалзжээ.

Түүнчлэн бүх шатны сонгуулийг зохион байгуулдаг СЕХ энэ хуулийн төслийг дэмжихгүй гэж саналаа өгсөн байна. Нөгөө талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, О.Баасанхүү, Р.Бурмаа нарын тус тусдаа өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд нь өөр хоорондоо эрс зөрүүтэй болохыг ч бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Тэрээр "Эрх барьж байгаа намууд нь сонгуулийн хууль дээр саналаа нэгтгэж чадахгүй, гурван тусдаа хуулийн төсөл барилаа. СЕХ ч УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төслийг дэмжээгүй. Сонгуулийн хууль бол зөвшилцлийн үр дүнд батлагдах ёстой" гэж тайлбарлав.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

С.Бямбацогт: 2016 онд хүүхдүүдийн 40 хувь нь хүүхдийн мөнгөө авч чадахгүйд хүрлээ

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт  2016 оны улсын нэгдсэн төсөв эдийн засгийн хямралыг сөрсөн төсөв болж чадаагүй, хөөсөрсөн, эдийн засгийн тооцоо судалгаа бодитой бус хийгдсэн, өрийн ачааллыг нэмэгдүүлсэн, мөнгөний бодлого явуулах орон зайг хязгаарласан туйлын хариуцлагагүй төсөв болсон гэж мэдээллээ.

Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр МАН-ын бүлгээс дэвшүүлсэн бодитой саналуудыг тоймлон хэллээ. Үүнд:

  • МАН-ын бүлгээс тавьсан саналуудын дийлэнх нь зардал бууруулах санал байсан ч эрх баригчид хүлээж аваагүй. Зардал нэмэх тухайд орон нутгаас хотод ирж эмчлүүлэгсдийг хүлээн авдаг Нэгдүгээр эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын нөхөн олговор, нийслэлийн төв цэвэрлэх байгууламж, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлд шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлэх санал тавьсан.
  • Төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувь хасах саналыг Засгийн газар оруулж ирсэн ч МАН-ын бүлэг тууштай эсэргүүцсэний үр дүнд болиулсан. Харин санал хураах эцсийн мөчид эрх баригчид төсөвт байгууллагуудын цалингийн санг нийтээр нь 10 хувь бууруулах санал оруулж ирснийг эсэргүүцэж, эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цалингийн санг бууруулахгүй болгосон. Бусад байгууллагын цалингийн сан буурсан хэвээр үлдсэн тул энэ хэмжээгээр цомхотгол явагдана, эсвэл цалин хасахаар төсөв болсныг онцлов.
  • МАН-ын бүлэг дэлхийн зах зээл дээр бензин шатахууны үнэ 2.5 дахин буурсантай холбогдуулан Монгол Улсын хэмжээнд бензин шатахууны үнийг бууруулах, бүх нутаг дэвсгэрт шатахууны үнийг жигд байлгах шаардлагыг тавьсан. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт "Америкийн зах зээлд нэг литр шатахуун 1200, ОХУ-д 1000 төгрөгийн үнэтэй байна. Гэвч Улаанбаатарт 1670, орон нутагт 1800-2100 төгрөгийн үнэтэй.  Орон нутаг, Улаанбаатарын төвшинд шатахууны үнийг ижил байлгах бололцоог нь Засгийн газарт олгож өгсөн. Энэ асуудлыг Засгийн газар шийдвэл алслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэдийн амьдралд нааштай нөлөөлнө. Бидний шаардсаны дагуу бензин шатахууны үнийг бууруулсан бол иддэг талх, өмсдөг хувцас, экспортод гаргаж буй нүүрс, зэсийн баяжмалын өртөг зардал хямдарч, үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэж, татварын орлого бүрдэх боломжтой байсан" гэлээ.

2016 онд Засгийн газрын өрийн хэмжээ 1.7 их наяд төгрөг буюу 850 сая ам.доллараар нэмэгдэхээр болж байна. Зөвхөн зээлийн хүүний төлбөрт ирэх жил 947.8 тэрбум төгрөг төлнө. Ийм их өр зээлийг хүүтэй нь төсвөөс төлж байсан тохиолдол байхгүйг ч бүлгийн дарга С.Бямбацогт онцлов.

 Мөн хүүхдүүдийн 60 хувь нь ирэх жил хүүхдийн мөнгөө авна. 40 хувь нь авахааргүй төсөв батлагдсан. МАН үүний эсрэг байсан. Бид хүүхдийг баян ядуугаар нь ялгаварлаж байгаагүй, энэ асуудалд шүүмжлэлтэй хандсан гэв.