Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжихгүй
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.11.09

Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Сонгуулийн тухай хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэсэн байна. Мөн Халх голын чөлөөлт бүсийн асуудлыг хэлэлцжээ.  Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэгдэх болон Ард нийтийн санал асуулга явуулах, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Сонгуулийн хуулийн тухайд УИХ-аар хэлэлцэхийг нь эхлээд дэмжье. Дараагаар нь хэлэлцүүлгийн явцад зарчмын байр сууриа хэлнэ. Ард нийтийн санал асуулга явуулаад, дараагаар нь Үндсэн хуулиа өөрчилнө гэдэг асуудлыг эрх баригчид тавьж байгаа.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг сонгууль болохоос 6 сарын өмнө шийдвэрлэдэг. Тиймээс энэ оны 12 сарын 31-нээс өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Үүнээс хойш бололцоогүй.  Өнөөдрөөс эхлэн тооцвол 12 дугаар сарын 31 хүртэл 40 хоногийн хугацаа байна.  Энэ хугацаанд бүхэл бүтэн 4 хуулийг өөрчилж амжих уу. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг эхлээд өөрчилнө. Дараагаар нь үүнийг батлахад хамгийн бага нь 14 хоногийн хугацаа шаардлагатай.  Ард нийтийн санал асуулгын тухай хуулиа өөрчилж байтал санал асуулга явуулах товлох болно. Үүнд нийтдээ 5.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцжээ.

Энэ мөнгөний эх үүсвэрийг хаанаас олох вэ? Өвлийн хүйтэнд ард нийт санал асуулгадаа оролцож чадах уу. Богино хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар шаардлага тавигдаж байна. Ард нийт хууль оруулах өөрчлөлттэй танилцах боломж байна уу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын хуульд өөрчлөл оруулна. Энэ бүхэн цаг хугацааны хувьд амжихгүй юм билээ. Ард нийтийн санал асуулгыг энэ  сарын 26-нд хар машинаар явуулна гэж байгаа. Үүнийг МАН-ын бүлэг дэмжихгүй байгаа. Хар машинаар санал асуулга явуулахыг сонгогчдын 90 гаруй хувь нь дэмжихгүй байгаа юм гэлээ.

 Мөн Халх голд чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг дэмжихгүй гэдэг байр суурийг бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлсэн юм.  Уг тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Ингээд Дорнод аймагт хөдөө аж ахуйг хөгжүүлэхийг дэмжих бодлого явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.