Монголбанкны алдагдал, өр зээлийг УИХ шалгах цаг болжээ
МАН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга С.Бямбацогт
2015.11.11

Монголбанкны алдагдал, өр зээлийг УИХ шалгах цаг болжээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буйтай холбогдуулан МАН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Дүгнэлтийг хүргэж байна.

УИХ-ын дарга, Эрхэм гишүүд ээ,

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг Монголбанкны 2013-2015 онд баримталсан мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүн, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дүгнэлээ.

Өнгөрсөн хугацаанд Төв банк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд дараах ноцтой алдаа гаргалаа.

  1. Төв банк хуулийн дагуу хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой байтал Засгийн газартай “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан. УИХ-ын харьяа байгууллага нь ингэж гүйцэтгэх засаглалтай өвөр түрийндээ орж 3.5 орчим их наяд төгрөгийг ямар ч хараа хяналтгүй, дур зоргоороо зах зээлд нийлүүлсэн. Ингэснээр төрийн мөнгөний бодлого алдагдаж, их хэмжээний мөнгийг эрх мэдэлтнүүд төсвийн гадуур эмх замбараагүй хуваарилан зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Мөнгөний бодлого боловсруулах ёстой Монголбанк мөнгөнийхөө бодлогыг өөрсдөө дампууруулсан. Ийм дампуу бодлогын үр дүнд банк, санхүүгийн үйлчилгээг жигд хүртээмжтэй болгох зорилт алдагдлаа. Мөн цөөн тооны, эрх мэдэлтнүүдийн дэмждэг, холбоо хамааралтай аж ахуйн нэгжүүдэд 4 хүрэхгүй хувийн хүүтэй зээл олгож байхад бусад бүх аж ахуйн нэгжүүд арилжааны 20 хүртэл хувийн хүүтэй зээл авч байна. Энэ нь шударга бус өрсөлдөөнийг өөгшүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан хоёр хэсэгт хуваасан бодлого боллоо. Үүнийг өөрсдийн аж ахуйн нэгжүүдийг төрийн мөнгөөр тэтгэн монополь болгох гэсэн далд санаархал агуулсан шийдвэр гэж эдийн засагчид дүгнэж байгааг эрх баригчдад сонордуулъя. Монголбанкны хэрэгжүүлсэн "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" инфляцийг огцом өсгөж, үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлснийг эдийн засагт өрнөсөн үйл явдлууд нотлон харууллаа. Амьдрал ч баталгаажууллаа.
  2. МАН Засгийн газрыг хүлээлгэн өгсөн 2012 оны эцэст манай улсын гадаад валютын албан нөөц 4,1 тэрбум ам.долларт хүрч байлаа. Харамсалтай нь энэ нөөц 60 гаруй хувиар буурч энэ оны 8 сар гэхэд 1,7 тэрбум ам.доллар болжээ. Үүнтэй зэрэгцээд манай улсын гадаад цэвэр актив 8,1 их наяд төгрөгөөр буурч хасах 3,7 их наяд төгрөг болж буурлаа. Тодруулж хэлбэл, БНХАУ-ын Ардын банкнаас авч буй (своп хэлцэл) зээлээр валютын хэрэгцээгээ дөнгөж торгоох боллоо. Монголбанкны богино хугацаат гадаад өр 3 жилийн дотор 7 дахин нэмэгдэж 1,9 тэрбум ам.долларт хүрлээ. Өөрөөр хэлбэл, Монголбанкны богино хугацаат гадаад өр "Чингис" бондыг давж гарлаа. Энэ их өрийг ард түмэн төлнө. Эрх баригч Та бүхний тодорхойлолтоор бол "бидний үр хүүхдүүд л төлнө". Тиймээс манай улсын гадаад валютын албан нөөцМонголбанкныхаа өрийг төлөхөд хүрэлцэхгүй болсонд УИХ дүгнэлт хийх цаг ирлээ. Мөнгөний бодлогыг тодорхойлох ёстой Монголбанк Засгийн газрынхаа адилаар сүүлийн 3 жилийн турш өр зээлээр амьдарлаа. Өр зээлэнд живсэн Монголбанк өр зээлийн л бодлого явуулдаг боллоо. Улс орныг хямралд хүргэх, мөнгөний бодлого алдагдах, эдийн засаг хямрах, ард түмний амьдрал доройтохын нэг буруутан нь Монголбанк гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэж байна. Энэ бүхний хариуцлагаас Монголбанкны удирдлага хуваалцах ёстой.
  3. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь Монголбанкны үндсэн зорилт болохыгТөв банкны тухай хуулийн 4.1-т тодорхой заасан байдаг. Харамсалтай нь Монголбанк үндсэн зорилтоо сүүлийн жилүүдэд биелүүлсэнгүй. 2012 онд МАН Засгийн газрыг хүлээлгэн өгөхөд ам.доллар 1338 төгрөгтэй тэнцэж байсан бол одоо 2000 төгрөгт хүрлээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 50 шахам хувиар суларлаа. Үүний уршгаар нийт хэрэглээнийхээ 90 шахам хувийг импортоор авдаг манай улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 80 хүртэл хувиар өсч, ард иргэдийн амьдралд хүнд цохилт боллоо. Гадаад валютын ханшийн өсөлтөөс зөвхөн иргэд хохироод зогсохгүй валютын зээлтэй Засгийн газар, банк санхүүгийн салбар, аж ахуйн нэгжүүд их хэмжээний алдагдал хүлээж, тэдгээрийн төлбөр гүйцэтгэх чадварыг муутгалаа. Монголбанкны удирдлагын буруу бодлого нь жирийн ард иргэдээс эхлээд үндэсний аж ахуйн нэгжүүд, Засгийн газар, улс оронд асар их хэмжээний хохирол учрууллаа гэж бид дүгнэж байна.
  4. Монголбанкны буруу бодлого, төгрөгийн сулрал, ханшийн тогтворгүй байдал нь иргэдийн үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг ч буурууллаа. Тухайлбал, валютын хадгаламж энэ оны 9 сарын байдлаар 2,1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 339 тэрбум төгрөг буюу 19,3 хувиар нэмэгдлээ. Харин төгрөгийн хадгаламж энэ хугацаанд 36 тэрбум төгрөгөөр буурлаа. Үндэснийхээ мөнгөн тэмдэгтэд иргэдийн итгэл алдарч байгаа нь Монголбанкны бодлогоос шууд хамааралтай болохыг онцлон тэмдэглэе.
  5. Төв банкнаас явуулсан мөнгөний тэлсэн бодлого банк санхүүгийн системийг ч эрсдэлд орууллаа. Төв банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-т “Монголбанкөөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.” гэсэн зорилтоо ч хэрэгжүүлж чадсангүй. Банкны системийн хугацаа хэтэрсэн зээл 2012 оны эцсээс 7,5 дахин нэмэгдэж 829 тэрбум төгрөг, чанаргүй зээл 2,8 дахин нэмэгдэж 837 тэрбум төгрөгт хүрээд байна. Мөн дотоодын хадгаламж 7,3 их наяд төгрөг байхад зээлийн өрийн үлдэгдэл 11,9 их наяд төгрөгт хүрч, тэнцвэрт харьцаа 4,6 их наядаар хэтэрлээ. Энэ нь банкны системд эрсдэлтэй байдлыг бий болголоо. Ийм нөхцөл байдлыг бий болгосондоо дүгнэлт хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг хүсье.
  6. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013, 2014 онд баримтлах үндсэн чиглэлээр өгөгдсөн УИХ-ын тогтоолуудын хэрэгжилтийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зохих түвшинд гүйцэтгэж чадсангүй. Тухайлбал,
  • Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2013, 2014 онд 8 хувиас хэтрүүлэхгүй байна гэсэн зорилт биелээгүй. Жилийн инфляц 11,0-12,3 хувьтай гарлаа.
  • УИХ-ын 2013 оны 62 дугаар тогтоолоор "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-т иж бүрэн дүн шинжилгээ хийх, хяналтын тогтолцоог сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллахыг үүрэг өгсөн. Энэ үүрэг хэрэгжсэнгүй. Өнөөдрийг хүртэл "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-т хэчнээн иргэн, аж ахуйн нэгж хамрагдсан, зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэх, үр ашгийн талаар хийсэн дүн шинжилгээ, мэдээлэл хаалттай, нууц хэвээр байна.
  • УИХ-аас баталсан төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн төсөөллийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн боловсруулах ажил хийгдсэнгүй.
  • УИХ-ын 62 дугаар тогтоолын 5.2-т “Монголбанкны хараат бус байдлыг бэхжүүлэх, засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх зорилготой хараат бус гишүүд бүхий Мөнгөний бодлогын зөвлөлийг бий болгох чиглэлээр Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах” тухай заасан ч хэрэгжсэнгүй гурав дахь жилээ угтаж байна.
  • Зээлийн хүүг бууруулах үүрэг даалгавар биелсэнгүй. Харин ч 2012 оны хагас жилийн байдлаар төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 17,9 хувь байсан бол өдгөө 2,2 пунктээр нэмэгдэн 20,1 хувь болсон байна. Та бүгд зээлийн хүүг бодитой бууруулахгүй байгаагаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесээ өргөжүүлэх боломж хязгаарлагдаж, тэдний өрсөлдөх чадварыг муутгасандаа дүгнэлт хийх ёстой.

Мөнгөний бодлогын алдааны хор уршгийг Монголын ард иргэд, аж ахуйн нэгж, төр засаг үүрч цөөн тооны арилжааны банкууд ашиг хийж ирлээ. Тодруулбал, арилжааны банкуудын зээлийн хүү өсч, ашиг нь жил дараалан нэмэгдэж 2014 онд нийт 328,8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Гэтэл Монголбанк энэ онд 535,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Ер нь сүүлийн 3 жилд Монголбанкны хуримтлагдсан алдагдал 10,4 дахин нэмэгдэж 952,8 тэрбум төгрөгт хүрсэн нь банкны удирдлагын хариуцлагагүй, чадамжгүй байдалтай шууд холбоотой.

Банкууд зээлийг валютаар олгож эрсдэлээ үүрүүлдгийг зогсооё

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг 2013 оны хавраас эхлэн "Үнэ тогтворжуулах хөтөлбөр", төсвийн гадуур үр ашиггүй зарцуулагдаж байгаа “Чингис” бондын зарцуулалтын талаар явуулж буй бодлогын алдаагаа засах санал зөвлөмж, шаардлагыг эрх баригчдад удаа дараа хүргүүлсэн. Харамсалтай нь цөөнхийн үгийг үл тоон алдаатай бодлогоо үргэлжлүүлсний горыг ард нийтээрээ амсаж байна. Тухайн үед бидний санал, шаардлагыг ажил хэрэгчээр хүлээн авч алдаагаа эрт зассан бол улс орны эдийн засаг ийм хэмжээнд хүрэхгүй байлаа.

Монголбанк хожуу ч гэсэн алдаагаа ухамсарлан бидний зөвлөж байсан мөнгөний талаарх бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр төлбөрийн тэнцлийн алдагдал эрс буурлаа. Мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр инфляц буурах хандлагатай болсон, төгрөгийн ханш сулрах хурдац саарсан зэрэг зарим нэг эерэг үзүүлэлтүүд гарсныг тэмдэглэх нь зүйтэй.

Эдийн засгийн хүндрэл ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй тул “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд дараах ДҮГНЭЛТИЙГ хийж байна. Үүнд:

  1. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтууд тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам нь бүрхэг, ерөнхий шинжтэй байна. Тиймээс хямралын эсрэг тодорхой дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Бидний санал болгож байгаа хямралын дэд хөтөлбөрүүд нь төсвийн бодлоготой уялдаж хэрэгжвэл эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого болж чадна.
  2. Банкны систем хямралд орох эрсдэл өндөр байгааг онцгой анхаарч, арилжааны банкнуудын зээлийн бүтэц дэх эрсдлийг бууруулах, санхүүгийн чадавхийг нь дээшлүүлэх, хадгаламж, зээлийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлд цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлье.
  3. Ханшийн тогтворгүй байдал нь Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэхэд нэн төвөгтэй байдлыг бий болголоо. Иймд ирэх онд валютын бодит ханш, арилжааны банкнуудын зээл олголт, зээлийн дундаж бодит хүүний хэлбэлзлийн талаар тооцоолол хийж, ард иргэд, бизнес эрхлэгчдэд мэдээлэхийг зөвлөе.
  4. Монгол Улсын гадаад өр хурдацтай нэмэгдэж байгаад дүн шинжилгээ хийж, өрийн менежментийг боловсронгуй болгох чиглэлээр бодитой арга хэмжээ авъя.
  5. Төв банкны тухай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тэр дундаа Монголбанкны ерөнхийлөгчийн эрх, үүргийг хязгаарлаж, хариуцлагын тогтолцоог чангатгая.
  6. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар валютын нөөцийг удирдах хариуцлагын асуудлыг тодорхой болгоё. Арилжааны банкууд гадаад валютын орлогогүй аж ахуйн нэгжүүдэд зээлийг валютаар олгон эрсдэлээ үүрүүлдэг байдлыг хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.

Манай улсын зээлжих зэрэглэл сүүлийн 3 жил хагасын хугацаанд 3 дахь удаагаа буурлаа

Биднийг ирэх онд төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогоо хэлэлцэж байх энэ цаг мөчид дэлхийн эдийн засаг, санхүүгийн экпертүүд Монгол орны эдийн засгийг улам хүндэрнэ гэж дүгнэж байна. Тухайлбал, олон улсад нэр хүндтэй "Стандарт энд фүүрс" агентлаг манай орны зээлжих зэрэглэлийг Та бүхнийг эрх барьж байгаа гурван жил хагасын хугацаанд 3 дахь удаагаа бууруулав. МАН-ыг эрх барьж байх 2012 онд манай улсын зээлжих зэрэглэл "ВВ" байсан. Тэгвэл 2012 оноос хойш манай улсын зээлжих зэрэглэл "ВВ-", "В+" болж буураад байсан бол одоо "В" үнэлгээтэй боллоо. Ийнхүүэрх баригчид та бүхний төсөв, мөнгөний бодлогыг олон улсын байгууллагууд гурав дахь удаагаа буруутган буулгалаа. Улсаараа гурван шатлалаар зэрэглэл буурлаа.

Тиймээс улс орны эдийн засагт гол нөлөөлөл үзүүлж байгаа Монголбанкны үйл ажиллагаа, төрөөс мөнгөний бодлогын талаар 2013, 2014 онд баримтлах үндсэн чиглэлээр өгөгдсөн УИХ-ын тогтоолуудын хэрэгжилт, Монголбанкны хуримтлагдсан алдагдал, богино хугацаатай өр зээл зэрэг асуудлуудыг УИХ-аас ажлын хэсэг гарган шалгаж, дүгнэлт хийх ёстой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна.

УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ