МАН-ын гишүүд хуулийнханд хандахаа мэдэгдэв
УИХ дахь МАН-ын бүлэг
2015.11.30

МАН-ын гишүүд хуулийнханд хандахаа мэдэгдэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Хөгжлийн банк тойрсон асуудлыг хэлэлцэн, хууль хяналтын байгууллагад хандахаар шийджээ.

УИХ-аас өнгөрсөн хавар Чингис бонд, Самурай бондын зарцуулалтын үр дүнг нягтлах ажлын хэсгийг байгуулж ажилласан юм. Ажлын хэсгийн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар сонсох байсан ч хойшилсон. Үүний дараа дээрх ажлын хэсэг мэдээлэл хийж, бондоос 5.4 сая ам.доллар дутсан тухай мэдээлсэн.

Эл мэдээллийг хийсний дараа Чингис, Самурай бондоос МАН-ын гишүүд хамгийн их санхүүжилт авч, компаниудаа тэжээсэн гэх мэдээлэл цацагдсан байна. Энэ нь буруу ташаа гэнэ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “МАК компани нь 600 орчим тэрбум төгрөгийг өөрсдөөс хөрөнгө оруулалт хийж, үлдсэн 20 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлж цементийн үйлдвэр байгуулсан. Гэтэл Хөгжлийн банкнаас 600 тэрбум төгрөгийг авсан мэтээр буруу ойлгуулж байна” гэлээ.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Бондын зарцуулалттайгаа холбоотойгоор буруу ташаа мэдээлэл цацагдах болсон тул МАН-ын гишүүдийн хувь эзэмшдэг компани бондоос хэдий хэмжээний санхүүжилт авсан, Ардчилсан намын гишүүд мөн бондоос хэдий хэмжээний санхүүжилт авсан, төсөл нь хэр үр дүнтэй явж байгаа вэ гэдгээ бүгдийг олон нийтэд ил тод мэдээлэх ёстой. Энэ асуудлаар МАН-ын бүлэг хатуу зогсож, хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн мөнөнийг олуулна” гэлээ.

Бүлгээр мөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулж, УИХ-аас баталсан 94 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэсэн саналд нэгдсэн тухайгаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ.