Банкуудын чадавхи муудсан учраас Цэцийн шийдвэр шалтаг болчихов уу
МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргаж, ипотекийн зээлийн хүүг нэмэх шийдвэр ҮХЦ-ээс гаргуулсан нь гүтгэлэг хэмээлээ. Энэхүү гүтгэлгийг гаргасан АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг шүүхэд өгч, шалгуулна гэв. Зээлийн хүүг бууруулах шаардлага тавьж ирсэн болохоос өсгөх талаар ажиллаж байгаагүйгээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Буруу ташаа мэдээлэл түгээсэн АН-ын генсекийг уучлал гуйхыг шаардаж байгаагаа МАН-ын генсек Ж.Мөнхбат мэдэгдэв. Тэд сэтгүүлчдийн асуултад ингэж хариулсан юм.
-УИХ-ын дарга, дэд дарга, АН-ын гишүүд иргэн газраа барьцаалж зээл авах боломжгүй боллоо гэж хэлээд байгаа. УИХ-ын дарга гүтгэсэн болж таарав уу. Банкууд найман хувийн ипотекийн зээлээ зогсоолоо гэж мэдэгдсэнд ямар хариулт өгөх вэ?
С.Бямбацогт: -МАН-ын бүлэг ҮХЦ-д хандаагүй. Иргэн Базар гэдэг хүн найман хувийн зээлэнд байгаа орон сууцаа бусдад түрээслэх, дамжуулах түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авах нь иргэний эрхэнд халдсан байна гэсэн. Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг 20 хувь болгож өгөөч гэж хандаагүй. ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргасан. Иргэн Базарын өргөдөл, ҮХЦ-ын шийдвэр МАН-тай ямар ч холбоогүй. Муу муухай бүхнийг МАН-д наах гэсэн эрх баригчдын увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байна. Сайн, гэрэл гэгээтэй бүхнээ өөрсдөдөө наах гэж оролддог. Гарч байгаа шийдвэр буруу зөв байх нь эрх барьж байгаа намтай холбоотой. Түүнээс асуудал шийдэхэд нөлөөлж оролцдоггүй цөөнх рүү чихэх нь буруу.
-Хэн хандсан нь хамаагүй энэ алдааг засах ёстойг АН, “Шударга ёс” эвслээс мэдэгдсэн. МАН-ын бүлэг энэ алдааг засахад оролцох уу. Ямар байдлаар алдааг засах боломж байгаа вэ?
С.Бямбацогт: -ҮХЦ-ийг олонхи санал болгож олонхии томилдог. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газар нэр дэвшүүлж олонхи томилдог. Тэгэхээр ҮХЦ-ыг МАН-ын захиалгаар ажиллаж байна уу, үгүй юу гэж үзвэл тийм зүйл байхгүй. ҮХЦ Үндсэн хуулийг манаж, зөрчихгүй байх үүрэгтэй. Үүргээ хэр биелүүлж байна, шийдвэр нь ард иргэдэд хохиролтой тусч байна уу гэдэг нь тусдаа асуудал. Ипотекийн зээлийг зургаан хувийн хүүтэй эхлүүлж байсан манай намын хувьд цаашдаа энэ хүүг нэмэгдүүлэхгүй байхын тулд ажиллана. Шаардлагатай хуулийн төслийг санаачилж ажиллахаа хэлье.
-МАН-ын бүлэг чуулганы бүх асуудалд завсарлага авчихлаа. Цаашдаа УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй байх юм уу?
С.Бямбацогт: -Парламент бол зөвшилцлийн байгууллага. Асуудлыг олонхиоороо шийдэж, цөөнхөө хүндэтгэх ёстой. Төсөв батлахаас эхлээд хуулиудад хүндэтгэлтэй хандаж байсан. Сонгуулийн хуулийн төсөлд оруулах шаардлагатай өөрчлөлтийг нь хийгээд арванхоёрдугаар сардаа багтаан баталъя гэдэг шаардлага тавьсан. Харамсалтай нь АН хүлээж авахгүй байгаа учраас бид бусад асуудалд завсарлага авах байдлаар хандаж байна.
Ж.Мөнхбат: -Сонгуулийн хуулийн төсөлд АН-аас бусад нам гарын үсэг зурсан нааштай найман өөрчлөлтийг санаачлаад ажлын хэсэг байгуулагдаад гурван сар, Засгийн газраас санал авч УИХ-д оруулж ирээд хоёр сар боллоо. Улс төрийн 20-иод нам нэгдэж жагсаал хийж, Улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд гэр бариад суулт хийж байгаа. Энэ бол эхлэл. Цаашлаад 21 аймаг, 330 суманд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Бид ямар нэг дарамт болох зүйл яриагүй. Хар машины луйвар, намын нэрсийн жагсаалтын ард нуугдаж орж ирдэг байхын эсрэг шаардлага тавьж байгаа юм. Намуудын шаардлагын хариуг Бакей гишүүний гарын үсэгтэй бичгээр ирүүлсэн. Улс төрийн намууд тохиролцож чадвал Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ гэсэн байна. УИХ бол тохиролцооны дэлгүүр биш. Гараар тоолоход 1-2 цаг л болно. Улсаас нэг ч төгрөгийн зардал гарахгүй шүү дээ. Машинаар тоолоход 20-30 тэрбум төгрөгийн зардал гардаг. Эргэлзээг тайлж өгөхгүй бол нийгмийн бухимдал хаана хүрч дуусахыг хэлж мэдэхгүй.
-Сонгуулийн хуулийг батлах хугацаа бий юу. Арван хэдхэн хоног үлдээд байна. Сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй гэж үзвэл МАН цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэж үзэх үү?
Ж.Мөнхбат: -МАН одоогийн УИХ-ыг ёс суртахууны болон чадамжийн хувьд асар их доголдолтой гэж дүгнэж байгаа. Хуульд нэг намын эрх ашгийг хамгаалсан байдлыг тусгахыг таслан зогсоох ёстой. Энэ цаг хугацаандаа баталж амжина. Сонгуулийн хуулийг батлахаас өөр ажил энэ УИХ-д үлдээгүй. Цаашдаа энэ парламентыг тараах асуудал МАН-аас хөндөж болно.
С.Бямбацогт: -Бид олонхи байхдаа цөөнхөө хүндэтгэхгүйгээр хүч түрж шийддэггүй байсан. Цөөнхөө хүндэтгэсний илрэл нь энэ хар машинаар санал тоолох. Энэ хар машинд итгэхгүй байна гэж олон түмэн, сонгогчид үзээд байгаа учир эргэлзээг нь тайлъя гээд гараар давхар тоолоод үзье гэсэн юм. Гараар тоолоод зөрөхгүй байвал цаашдаа сонгуулийн саналыг хар машинаар тоолж байя гэтэл хүлээж авахгүй байгаа учраас шаардлага тавиад байгаа.
-Тооны машин байхад сампингаар тоолъё гэж байгаатай адил сонсогдоод байна. Ард түмэн итгэхгүй байна гэдэг ямар судалгаа, тоо баримт байгаа вэ. Яагаад заавал энэ асуудлаар шантааж тавиад завсарлага аваад байгаа юм бэ?
Ж.Мөнхбат: -Америк, Англи, Герман, Швейцарь зэрэг орнууд энэ стандартын машинаар санал тоолохоос татгалзсан. Зардал өндөр гардаг, хөндлөнгийн нөлөө орох магадлал 51-ээс дээш хувь гэж тайбарладаг.
С.Бямбацогт: -УИХ-ын гишүүд өөрсдөө утсандаа хүрээ ч үгүй байхад мессэж явуулсан хэрэг гарсан. Ийм байдлаар саналын дүнг өөрчлөх боломж байгаа гэсэн хардлага олон түмний дунд байгаа.
-С.Бямбацогт гишүүн хар машинаар сонгогдсон. Та өөрөө эргэлзээтэй гишүүн болж таарах уу. Намуудын хэт улстөржилтөөс болоод банкууд зээлээ зогсоочихлоо. Ард түмнээ орон сууцны найман хувийн зээлд хамрагдаж чадахааргүй болгосон гавьяа хэнийх вэ. АН, “Шударга ёс” эвсэлтэй хамтраад ҮХЦ-ээ шахаад ажиллаж болдоггүй юм уу?
С.Бямбацогт: -Хар машинаар сонгогдсон нь үнэн. Гэхдээ хар машиныг бүх тойрогт, хэсэгт биш тодорхой ашигтай гэсэн хэсэгт булхай явуулдаг юм болов уу гэсэн хардлага байгаа. Би бол хардлага яриад байгаа шүү дээ.
2015 оны аравдугаар сарын байдлаар банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 3 их наяд 375 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнээс 80 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангилалд орсон байна. Ипотекийн зээл олголт буурч байгаагийн цаана эдийн засгийн нөхцөл байдал, арилжааны банкуудын чадавх муудсантай холбоотой. Зээлийг зогсоох ёсгүй. Банкуудын чадавхи муудаад байгаа учраас зээлээ зогсоох шалтаг нь ҮХЦ-ийн шийдвэр болчихов уу.
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг засахад ямар арга хэмжээ МАН-аас авах вэ?
С.Бямбацогт: -ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр л байна гэдэг. Цэц эцсийн шийдвэр гаргасан. Шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болдог. Найман хувийн хүүг 20 хувь болго гэдэг шийдвэр ҮХЦ гаргаагүй. Нэгэнт шийдвэр гарчихсан учраас хэн рүү чихэж уснаас хуурай гарах вэ гэдэг л арга юм уу гэж харж байна.
-Хүүтэй холбоотой шийдвэр биш ч иргэдэд зээл өгөх боломжгүй болгож байгаа шүү дээ?
Ж.Мөнхбат: -Энэ бол МАН-аас гаргасан нэхэмжлэл биш. МАН-ын хүсэлтээр ҮХЦ ийм шийдвэр гаргачихсан юм биш. МАН Цэцэд нөлөөлж чадахгүй болсон. МАН үүнийг улстөржүүлээгүй.
-Завсарлагын хугацаа дуусах байх. Үүнээс цааш яах вэ. Танай албан болон албан бус завсарлага хэдий болтол үргэлжлэх вэ?
Ж.Мөнхбат: -Сонгуулийн хуулиа батал л гэсэн. Сонгуулийн хууль батална гэж УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь амласан. Нэг намын эрх ашгийг биш нийт олны эрх ашгийг урдаа тавьж шийдвэр гаргах хэрэгтэй. Сонгуулийн хууль баталтал МАН хуралд оролцохгүй.
С.Бямбацогт: -Олонхи маань цөөнхөө хүндэтгэж хүлээцтэй хандаасай.