"УИХ-д нэр дэвшигчдийг Удирдах зөвлөлөөр ярилцаж шийднэ"
МАН Бага хурлаараа зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн. Тодруулбал, нарийн бичгийн даргаа хоёроор, Удирдах зөвлөлийнхөө гишүүдийн тоог наймаар нэмэгдүүлсэн. Мөн УИХ болон орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан бүх шатны сонгуульд нэр дэвших хүнийг хэрхэн сонгох вэ гэдгийг намын хэмжээнд дагаж мөрдөх журам гаргажээ. Түүнчлэн хандив, татвар, хураамжийг намын хэмжээнд хэрхэн зохицуулах талаар санхүүжилтийн журам гаргахаар болсон байна.
Энэ талаар тус намын дарга М.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ яаж сонгохоор шийдвэрлэв?
-“Нэр дэвшигчийг сонгож, шалгаруулах” журмыг баталсан. Ер нь өмнө нь ч шууд хандивын хэмжээгээр нь нэр дэвшүүлдэг практик манай намд байхгүй. Сонгууль дөхөхөөр тухайн тойрогтоо гарах магадлал өндөртэй хүн хэн байна вэ гэдэгт төвлөрч ажилладаг. Бид шинэчилсэн журамдаа намын анхан шатны байгууллага, иргэдийн санал бодол ямар байгааг нэлээд харгалзаж үзэх бодолтой байгаа. Иргэдэд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг нь харгалзан аймаг, нийслэлийн намын хороон дээр үр дүнг нь нэгтгэж, УИХ-ын нэр дэвшигчдийг Удирдах зөвлөл, орон нутагт нэр дэвшигчдийг аймаг, нийслэлийн намын байгууллага дээр ярилцаж эцсийн шийдвэр гаргана.
-Намын санхүүжилтээ шилэн болгох чиглэлд ямар ажил хийж байна вэ?
-Улс төрийн намууд УИХ-д эзэлж байгаа суудлынхаа тоогоор тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэгийг төсвөөс авдаг. Нөгөөтэйгүүр, гишүүдийн татвар хандивын асуудлыг сонгууль дөхөхөөр зохион байгуулна. Санхүүгээ бий болгож, энэ мөнгөөрөө сонгуулийн сурталчилгаа, мөрийн хөтөлбөрөө олон түмэнд хүргэх ажлыг хийнэ. Манай намын санхүү намынхаа хүрээнд бол тодорхой байдаг. Бид өнөөдрийн дагаж, мөрдөж байгаа хуулийн дагуу гаргах ёстой бүх мэдээллийг ил гаргадаг.
-МАХН-тай нийлж, сонгуульд оролцох талаар Бага хурлын гишүүд ямар шийдвэрт хүрсэн бэ?
-Хоёр намын удирдлагууд сүүлийн үед уулзаж, ярилцаж, санал бодол солилцож байгаа зүйл бий. Ер нь сонгууль дөхсөн учраас намын дунд, анхан шатанд тухайн орон нутгийнхаа хэмжээнд МАХН-тай ойлголцож ажиллах үүрэг даалгавар өгсөн.