Намын анхан шатанд МАХН-тай ойлголцож ажиллах үүрэг өгсөн
МАН-ын дарга М.Энхболд
2015.12.15

Намын анхан шатанд МАХН-тай ойлголцож ажиллах үүрэг өгсөн

МАН өнгөрсөн долоо хоногт болсон Бага хурлаараа намынхаа Удирдах зөвлөлийгөргөтгөж, ирэх оны УИХ, орон нутгийнсонгуульд хэрхэн бэлтгэл хангаж ажиллахталаар ярилцсан байна. Бага хурлаас гарсан шийдвэрүүд болон Сонгуулийн хууль тойрсон асуудлаар МАН-ын дарга М.Энхболдтой ярилцлаа.

-МАН сонгуульд оролцох нэр дэвшигчдээ хэрхэн тодруулах вэ. Ер нь нэр дэвшигчийг намдаа өгсөн хандивын хэмжээгээр сонгодог гэдэг. Энэ асуудлыг танай нам хэрхэн зохицуулж байгаа бол?

-Бид нэр дэвшигчийг сонгож, шалгаруулах хэлэлцүүлэг хийх журмыг баталсан. Өмнө нь хандивын хэмжээгээр нэр дэвшүүлээд байсан практик манай намд байхгүй. Сонгууль ойртохоор гарах магадлалтай хүн хэн байна гэдэг дээр төвлөрч ажилладаг.Хэлэлцүүлгийн журам дээрээ намын анхан шатны байгууллага, орон нутгийн иргэдийн санал ямар байгааг үндэс суурь болгож авч үзнэ гэж байгаа. Тэнд гарсан нэрс, иргэдэд танигдсан, иргэд хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзаж аймаг, нийслэлийн намын хороод дээр түүнийг нэгтгэнэ.

Ингээд УИХ-д нэр дэвшигчдийг Удирдах зөвлөлд, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг аймаг, нийслэлийн намын байгууллага дээр ярилцаж эцсийн шийдлийг гаргана. Эцсийн шийдвэрийг гаргахдаа анхан шатанд хийсэн хэлэлцүүлэг, иргэдийн санал бодол ямар байгааг харна. Хоёрдугаарт, тухайн нэр дэвших хүн улстөрчийн хувьд тухайн сонгогдохоор өрсөлдөж байгаа УИХ, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шаардлагыг хэрхэн хангаж ажиллаж чадах хүн байна зэрэг бүх талыг харгалзаж үзнэ. Судалгаа хийж рейтинг нь өсч үү, буурч уу гэдгийг эцсийн байдлаар шийднэ гэсэн журам гарсан.

-Одоо яригдаж байгаа Улс төрийн намын тухай хуулийн төсөлд намын санхүүжилтийг ил болгохзаалтуудыг түлхүү тусгаж байгаа. Танай намын санхүүжилт одоогийн мөрдөж байгаа хуулийн хүрээнд илтод, нээлттэй байж чадаж байна уу?

-Намын санхүүгийн хувьд улс төрийн намууд УИХ-д байгаа суудлынхаа тоогоор тодорхой хэмжээний дэмжлэгийг улсын төсвөөс авдаг. Энэ нь нэг талаас намын үйл ажиллагаа явуулахад тодорхой эх үүсвэр. Нөгөө талаас гишүүдийн татвар, хандивын асуудал байна. Сонгууль дөхөхөд Улс төрийн намын тухай хуульд заасан хүрээнд хандивын асуудлыг нэлээд өргөн хүрээтэй зохион байгуулж, санхүүгээ бий болгодог.

Бий болгосон санхүүгээрээ сонгуулийн сурталчилгаа, дэвшүүлж тавьж байгаа зорилгоо олон түмэнд хүргэх, мэдээлэх арга хэмжээг авч ажиллана. Манай намын санхүү намынхаа хүрээнд тодорхой байдаг. Бид гүйцэтгэх дээд байгууллагаараа жил бүрийн төсөв, сонгуулийн жилийн төсвийг бүх талаас нь тооцож үзэж баталдаг. Баталсан төсвийн хэрэгжилтийн биелэлтийг тооцдог. Өнөөдөр мөрдөж байгаа Улс төрийн намын тухай хууль болон холбогдох санхүүгийн хуулиудын хүрээнд бүх мэдээллийг гаргадаг.

-2016 оны сонгуульд МАН, МАХН нэгдэж орох хэрэгтэй гэх саналыг МАН-ын ахмад гишүүд гаргаж байсан.Энэ асуудлыг Бага хурлаараа хэлэлцэв үү?

-Угшил нэгтэй МАХН-ын тухайд арваннэгдүгээр сарын 4-нд хоёр намын 30 гаруй ахмад гишүүн “2016 оны сонгуулийн өмнө гарал үүсэл нэгтэй намууд нэгдэж, эвсэж сонгуульд оролцох ёстой. Энэ талаар намын удирдлагууд ажиллах шаардлагатай” гэсэн өргөх бичгийг манай намын болон МАХН-ын удирдлагуудад өгсөн. Дараа нь МАН-ын Бага хурлын гишүүн, идэвхтэн сонгуультан есөн залуу намын удирдлагуудад хандан “МАХН-тай эвсэх асуудалд нухацтай ажиллах ёстой” гэсэн болгоомжлуулсан бичиг ирүүлсэн. Энэ талаар манай Удирдах зөвлөл ярилцсан. Хоёр намын удирдлагууд сүүлийн үед уулзаж, ярилцаж, санал бодол солилцож байгаа зүйл бий. Ер нь сонгууль дөхсөн учраас намын дунд, анхан шатанд тухайн орон нутгийнхаа хэмжээнд МАХН-тай ойлголцож ажиллах үүрэг даалгавар өгсөн.

-Хоёр нам нэгдэх талаар МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцсэн гэлээ. Ер нь энэ асуудалд намынудирдлагууд болон Бага хурлын гишүүд хэр итгэл үнэмшилтэй хандаж байгаа бол?

-Өнөөдөр хоёр нам нийлэх асуудлаар эцсийн хариу өгөх боломжгүй. Хоёр нам нийлэх, нийлэхгүйг М.Энхболд, Н.Энхбаяр гэдэг хоёр хүн хоёулаа яриад шийддэг асуудал биш. Энэ бол улс төрийн хоёр байгууллага цаашид үйл ажиллагаагаа нийлүүлэх нэгтгэх асуудал. Энэ талаар анхлан яригдаж байгаа зүйл бий. Магадгүй энэ тухай Н.Энхбаяр даргаас тулгаад асуувал эцсийн хариуг хэлэх боломжгүй л байгаа байх. Бид өнөөгийн нөхцөл байдлыг харж байгаа. Засгийн газартай ажил төрлийн асуудал ярьж байгаа нь МАХН-ын л асуудал байх.

-УИХ дахь МАН-ын гишүүд өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганд суугаагүй. Суусан гурвангишүүн ихэнх асуудлаар завсарлага авсан. Сонгуулийн хуулиас болж заавал энэ олон асуудлаар завсарлага авах шаардлага байсан юм уу?

-МАН дангаараа завсарлага аваад гацаасан зүйл байхгүй. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-д суудалтай бүх намын бүлэг завсарлага авсан. МАН завсарлага авсан гол шалтгаан бол УИХ-ын Сонгуулийн тухай хууль түүнийг хэлэлцэх асуудал байгаа. Яагаад энэ асуудлыг шаардаад байна гэхээр Сонгуулийн тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа. УИХ хэлэлцээд эхэлсэн асуудлаа тодорхой шалтгаангүйгээр зогсоож болохгүй. Тэр тусмаа тухайн асуудлын хэлэлцэх хуулийн хугацаа нь дуусгавар болох гэж байгаа үед УИХ-ын дарга гэдэг хүн өөрөө мэдээд, хаагаад байж болохгүй.

Гурван талаас санаачилж ирсэн гурван хуулийн төсөл байгаа. Өнөөдөр сонгуулийн хуулийн ямар тогтолцоо Монголд таарахыг ард түмнээсээ асууя гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард санал гаргасан. МАН санал асуулга асууж болохгүй гэсэн. Гэтэл одоо АН Үндсэн хуулиар асуулга асууна гэж байгаа.Гурван жилийн өмнө байгуулагдсан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг төслөө УИХ-д оруулж ирэхгүй байсан. МАН улс төрийн 21 намтай хамтраад Сонгуулийн хуульд орох нэмэлт өөрчлөлтийг санаачилсан. Ардчилсан намаас бусад намын төлөөлөл болсон гишүүд оролцсон төслөө өргөн барихад арга буюу гурван жил болсон Сонгуулийн хуулийн ажлын хэсэг төслөө өргөн барихаас өөр аргагүй болсон шүү дээ.

Энэ мэтчилэн бид асуудлыг хүлээж ард нь биш урд нь түүчээлж явахгүй бол Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орохгүй нь. Монголын 22 улс төрийн намаас яагаад ганцхан нам хар машиныг гараар хяналтын тооллого хийхгүй, зөвхөн гарсан дүнгээр нь явна гээд байгаа юм. Бусад 22 нам нь саналын дүнг гар тооллогоор баталгаажуулна гээд байгаа юм. Бид сонгогчдын санал хураалтыг хар машинаар тоолсныг гараар дахин нэг удаа баталгаажуулахгүй бол иргэд итгэхгүй байна. Төр иргэдийнхээ итгэл үнэмшлийг бий болгох ёстой. Тиймээс төр өөрөө олон түмэнд итгэл авахын тулд тэр үйл ажиллагааг эхлүүлж өгөх ёстой. 2016 оны сонгуулиар хяналтын тооллого хийгээд зөрүү гарвал тэр.

Гарахгүй бол гардаггүй юм байна, 30 тэрбум зарцуулж авчирсан машин ийм байна гэж олон түмэндээ итгэл үнэмшил бий болгох ёстой. Итгэл, үнэмшил бий болохгүй бол сонгогдсон тэр байгууллагын үйл ажиллагаанд иргэд итгэхгүй хэвээрээ байна. УИХ-д олон суудал авсан АН Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй гэдэг зөвхөн нэг намын байр сууриас хандаж байгаа асуудал гэж үзэж байгаа. УИХ-ын дарга Их Хурлын үйл ажиллагааг удирдах ёстой. Түүнээс хэлэлцэх, хэлэлцэхгүй асуудлын заримыг нь ширээн дээрээ тавьж, заримыг нь шургуулгандаа хийдэг албан тушаал биш юм. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүний санаачилсан хууль УИХ-аар хэлэлцэгдээд болохгүй байна гээд буцвал хууль ёсны зүйл гэж ойлгоно. Сонгуулийн хуулийг хэлэлцүүлэх талаар тавьж байгаа шаардлага, шахалтаа үргэлжлүүлсээр байх болно.

-Эрх баригч намын зүгээс сонгуулийг ирэх оны есдүгээр сард явуулахаар хойшлуулах тухай санал гаргажбайгаа. Гэтэл Үндсэн хуульд сонгуулийг дөрвөн жилийн хугацаатай явуулна гэж заасан. Товлосон хугацааг хойшлуулах нь Үндсэн хуультай зөрчилдөх үү?

-Үндсэн хуулиар УИХ, орон нутгийн төлөөлөгчийн хурал бүгд хуулиар заасан дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай байгууллагууд. Энэ хугацаа хойшлох юм бол Үндсэн хууль зөрчсөн асуудал болно. Бүрэн эрхийн хугацааг өөрсдөө уртасгасан хэрэг болно. Монголчууд олон улсын байгууллагын хурал, зөвлөгөөнийг нэг бус удаа зохион байгуулж байсан. Ер нь олон улсын арга хэмжээ зохион байгуулахаас шалтгаалж сонгуулийн хугацааг өөрчлөх асуудал байж болохгүй.

-МАН эрх барьж байхдаа иргэдэд хэд хэдэн төрлийн бэлэн мөнгийг тараасан. Бэлэн мөнгө тараасан ньдараагийн сонгуульд бэлтгэх арга байсан хэмээн сүүлийн үед шүүмжлэх болсон. Энэ нь үнэхээр төсөвтхүндрэл учруулах нэг нөхцөл болсон юм биш үү?

-АН-ын дарга миний улс төрийн илтгэл дээр гарсан өгүүлбэртэй холбогдуулан энэ асуудлыг дэвшүүлж тавьсан байсан. Би “Тооцоо судалгаагүй, зорилго бодлого нь тодорхойгүй их хэмжээний мөнгө улс орны эдийн засгийг өөд нь татаж авч явах биш уруудан доройтуулдаг юм байна. Ер нь тооцоо бодлогогүй зүйл аливаа нэгэн зүйлийг муутгадаг, буруутгадаг юм байна” гэсэн дүгнэлт хийсэн юм. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга өмнө нь тооцоо судалгаагүй 1.5 сая төгрөг, 21 мянган төгрөг иргэддээ өгч байсан. Хэзээ ч эргэж ирэхгүй ийм мөнгө зарж байсан гэсэн агуулгатай зүйл бичсэн байсан. Тухайн үедээ УИХ, Засгийн газрууд шийдвэр гаргаж, иргэдэд бэлэн мөнгө өгсөн.

Үнэн хэрэгтээ гурван сая хүний ажил амьдрал ахуйтай холбоотой хүндрэл бэрх­шээл учирсан асуудлыг тус нэмэр болохоор шийдэхийн тулд хийж байсан алхмууд. Төр улс гэж байдаг юм бол иргэний амьдрал аргагүй хүндэрч байвал дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой гэдэг үүднээс хандаж байсан. Хүүхдийн мөнгө,1.5 сая төгрөгийг МАН дангаар засаг барьж байхдаа шийдээгүй. Гэхдээ энэ олгож байсан мөнгөнүүд иргэдийн амьдралд хэрхэн тус нэмэр болж байсныг олон түмэн орон нутагт явж байхад ярьж байна. Энэ мөнгө байхгүй болсноор амьдрал ахуй, хэцүү боллоо гэж байна. Хөдөө, аж ахуй, мал аж ахуй газар тариалангийн салбарт үзүүлж байсан дэмжлэгүүд үндсэндээ байхгүй боллоо. Үүнээс улбаатай махны үнэ ямар болов. Газар тариалангийн салбарын ололт амжилт өнөөдөр ямар хэмжээнд очив. Иргэдэд олгосон 1.5 сая төгрөгийн сүүлийн нэг сая төгрөгийг 2012, 2011 оны үед иргэдэд олгосон. Тодорхой хэмжээний зээл тавьж олгосон. Нүүрс экспортолж байгаа компанитай 350 сая долларын гэрээ хэлцлийг эргүүлж төлөх тооцоо судалгаатай хийсэн байсан.

Тухайлбал, Тавантолгойн Зүүн цанхийн дөрөвдүгээр үеийн нүүрсийг ол­бор­лож, борлуулж дуус­­тал 10 жилийн хуга­цаанд Хятадын “Чалко” компанид нэг тонн нүүрсийг 70 ам. доллараар зарна гэсэн гэрээ хийсэн. Энэ бол 350 сая ам.долларыг эргүүлж төлөх эх үүсвэрийн тооцоо юм. Гэтэл одоогийн эрх баригчид 2012 оны намраас эхлээд энэ гэрээ бол Монгол Улсад ашиггүй, үр дүнгүй болсон гэсээр тэр гэрээгээ хүчингүй болгож, өнөөдөр өөрсдөө 20 ам.доллараар зараад сууж байх жишээтэй.

Энэ мэтчилэн олгосон мөнгөнүүд эргэж олгогдох тооцоо, бүх зүйлсийг уялдуулж авч үзэх ёстой. Өнөөдөр өр төлбөр нэлээд өссөн. Энэ мөнгө эргээд төлөгдөнө. Тэр тооцоог нь хийхгүйгээр ҮАБ-ын зөвлөл “Чингис”, “Самурай” бондын мөнгийг эргэж мөнгө нь төлөгдөх, эдийн засаг бизнесийг дэмж­сэн ийм төсөлд гуравны нэг хувь хүртэл зарцуулаарай гээд байхад гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэлгүй зарцуулсан. Одоо жил гаруйн дараа эргүүлж төлөх болоход монголчууд бид хүнд байдалд орох болно.