УИХ-ын гишүүн Д.Батцогт
2015.12.02

Хямрал нэрээр хувьчлал хийх нь төрийн өмчид халтай

1990 оноос хойш нэг ч удаа хүүхдэд зориулсан барилга байшин бариагүй байна. Гэтэл өмнө нь бүтээн баригдсан хүүхдийн нэртэй барилга байшинг хувьчилж бизнесийн салбарыхны гарт тушаасан. Одоо сүүлийн ганц, хоёр барилга болох хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахыг шүүмжлэх хүмүүс олон байна.

Одоогоос 25 жилийн өмнө нийслэлд хүүхдийн гэх тодотголтой 80 гаруй газар үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр хэдэн хүүхдийн зуслан, ганц хүүхдийн ордонг эс тооцвол бүх барилга хувьчлалын шуурганд өртөж бизнесийн салбарын гарт очжээ.

Тодруулбал 1967 онд байгуулагдсан хүүхэд залуучуудын театрт өнөөдөр Хаан банк, хүүхдийн баримтад киноны   театрт Христийн хожмын үеийн гэгээнтний сүм, хүүхдийн номын сангийн газар худалдаа хөгжлийн банк, хүүхдийн бамбарууш кофед Говь компанийн нэрийн дэлгүүр, элдэв очирын нэрэмжит хүүхдийн кино театрт Монголын хөрөнгийн бирж байрлаж зориулалтын бусаар ашиглаж байна. 20 гаруй жилийн өмнө хувьчлагдсан эдгээр барилга байшинг төр мэдэлдээ авах нь өнгөрсөн гэж бодоход одоо хүүхдэд данстай цөөхөн газрын нэг хүүхдийн урлан бүтээх төвийг хот хямралын үед төсөв бүрдүүлэх нэрээр хувьчлах асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Үүнийг хувьчилаад хэдэн төгрөг олох чухал биш. Тиймээс хувьчлахгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байна. Хуучин Элдэв очир гээд хүүхдийн кино театрыг хувьчлаад хөрөнгийн бирж барьсан. Одоо бол хүүхдийн нэртэй цөөхөн барилгыг хувьчлах гэж яарах хэрэг байхгүй гэж бодож байна.

Хүүхдийн урлан бүтээх төвд өнөөдөр 2-12 дугаар ангийн 1500 орчим хүүхэд 16 дугуйланд хичээллэж байна. Гэтэл хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа ганц нэг газраа мөнгөний төлөө хувьчлах шаардлага төрд байхгүй. Өөрсдөө шинийг барихгүй юмаа гэхэд өнгөрсөн үеийн түүхээс үлдээсэн өмч хөрөнгөө бүрэн хадгалан хамгаалах эсвэл зориулалтыг өөрчлөхгүйгээр шинэчилж хүүхдийг хөгжүүлэх үйлсд хөрөнгө оруулах нь чухал болоод байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...