"Монголын маш олон өрх ядуурлын шугамтай ойр амьдарч байна"
НҮБ-ын Хүүхдийн сангийн 2016-2021 оны Улс орны хөтөлбөр боловсруулах сургалт 2015 оны 11-р сарын 10-11 өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Сургалтанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэл дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвүүд болон бусад төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Оролцогчид өөрчлөлтийн онолын тухай судалж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход өөрсдийн санал бодлоо солилцлоо.
Эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах, цаашлаад тэдний хэрэгцээ шаардлагыг үндэсний хэмжээний чухал бодлогын шийдвэрүүдэд тусгахын төлөө ажилладаг байгууллага бол НҮБ-ын Хүүхдийн сан.
Тэд энэ чиглэлээр олон судалгаа хийж, түүнийхээ хүрээнд нөлөөллийнхөөс эхлээд олон үйл ажиллагаа зохион байгуулдаг хэдий ч энэ үнэн зөв мэдээллийг хүртээмжтэй хүргэхэд асуудал тулгардаг учраас энэ талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэвлэлийнхэнд уламжилж байгаа юм.
Уулзалтын үеэр Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд Монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн чиг хандлага, тэдгээрийн хүүхдэд үзүүлэх нөлөө, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа.
Монголын маш олон өрх ядуурлын шугамтай ойр амьдарч байгаа бөгөөд манай улс нийгмийн халамжийн чиглэлээр олон үйл ажиллагаа явуулдаг хэдий ч хүрэх ёстой эздэдээ очихгүй байна гэдгийг Хүүхдийн сангийн Нийгмийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Энхнасан онцолж байв.
Мөн судалгаагаар ядуурал буурсан үзүүлэлт гарч байгаа хэдий ч баян хоосны ялгаа буюу ялгаатай байдал өндөр гарч байна гэдгийг тэрээр хэлсэн. Тодруулбал, хот хөдөөгийн ялгаа хот дотроо байшин болон гэр хорооллын ялгаатай байдал нэмэгдэж байна гэсэн танилцуулгыг тэрээр хийсэн юм.
Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор өвдсөн хойно нь өндөр үнэтэй багаж тоног төхөөрөмжөөр эмчлэхэд бус урьдчилан сэргийлэх, дархлаажуулахад анхаарал хандуулахад анхааран ажиллаж байна. Энэ ч утгаараа манай улсад хийж буй товлолын бүхий л вакцин Хүүхдийн сангаар дамжин ирдэг учир чанар, аюулгүй байдал өндөр хяналттай болохыг уулзалтын үеэр онцолж байв.
Энэ мэтчилэн хүүхдийн асуудлаар тулгамдаж буй асуудлыг олон нийтэд, ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амд үнэн зөвөөр таниулахад хэвлэл мэдээллийн салбартай хамтран ажиллах хүсэлтээ НҮБ-ын Хүүхдийн сангаас илэрхийллээ.