Мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо
2015.11.13

Мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхлэв.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийлээ.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо

Ажлын хэсэг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг төсөлд тусгасны зэрэгцээ зарим саналыг өөрчлөн найруулахаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийг анхаарч тусгаснаа танилцуулгадаа дурдав. Ингээд байнгын хорооны гишүүд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаарх байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дунд хугацаанд төсвийн нэгдмэл байдлыг хангасан зохистой бодлого хэрэгжүүлэн улсын төсвийг алдагдалгүй байлгаж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг ханган, улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж ажиллах, энэ хүрээнд бодлогын чанартай зарим тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгахаар тусгажээ.

Харин уг тогтоолын хавсралтаар батлах Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлд мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэхээр заасан байна.