МАН хямралын эсрэг хөтөлбөр санал болгов
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь
2015.11.11

МАН хямралын эсрэг хөтөлбөр санал болгов

УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ хүрээнд зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах даалгаврыг Монголбанк, Засгийн газарт өгөхөөр боллоо. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж зээлийн хүүг бууруулах саналыг гаргаж, олонхын дэмжлэг хүлээсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь ирэх оны мөнгөний бодлогыг баримталж төсвөө батлах учир Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг яаралтай батлах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн зээлийн эрсдэлийг бууруулж, санхүүгийн зуучлалын үр ашгийг нэмэгдүүлэх замаар зээлийн хүүг дунджаар 1-3 хувь бууруулах бодлого боловсруулахаар болов. Мөн уг тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтууд тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам нь бүрхэг, ерөнхий шинжтэй байна.

Тиймээс хямралын эсрэг тодорхой дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзжээ. Мөн Монгол Улсын гадаад өр хурдацтай нэмэгдэж байгаад дүн шинжилгээ хийж, өрийн менежментийг боловсронгуй болгох чиглэлээр бодитой арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн тусгажээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр болон Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталлаа. Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр тогтсон байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын санхүүжилтийг 2015-2016 онд хоёр үе шаттай авахаар төлөвлөж байгаа бөгөөд хөтөлбөр нь 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжих аж.

Харин Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн хоёр дахь шатны нэмэлт санхүүжилт нь нийтдээ 50 сая ам.доллар бөгөөд үүний дийлэнх нь нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд зарцуулагдах аж.