Концессын гэрээгээр гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг бүрэн олгох нь зүйтэй гэж үзэв
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан
2015.11.03

Концессын гэрээгээр гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг бүрэн олгох нь зүйтэй гэж үзэв

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.03/ хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг байлаа. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү ажлын хэсгийн санал, дүгнэлтийг гишүүдэд танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, концессын гэрээгээр ажил гүйцэтгээд мөнгөө авч чадахгүй байгаа аж ажуйн нэгжүүд олон байна. Ажлын хэсэг энэхүү мөнгийг олгох асуудлыг судалж үзсэн үү гээд тэдгээр аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг ирэх онд бүрэн олгох зарчим баримтлах талаар төсөлд тусгах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Сангийн сайд Б.Болор, концессын гэрээгээр ажил гүйцэтгэсэн санхүүжилтийг бүрэн барагдуулах чиглэлээр Сангийн яам ажиллаж байна. УИХ төсвийн тодотгол батлахдаа 80 хувиас дээш гүйцэтгэлтэй ажил нь явж буй компаниудад санхүүжилтийг векселээр олгох чиглэл өгсөн. Одоогоор 180 гаруй аж ахуйн нэгжид векселээр санхүүжилтийг олгосон. 2016 оны төсөвт шаардлагатай санхүүжилтийг суулгасан хэмээн хариулсан юм.

Дараа нь хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Ажлын хэсэг, урсгал зардлын хэмжээг бууруулснаар төрийн албан хаагчдын цалин хөлс, нөхөх төлбөр, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан тусламж хасагдан Төрийн албаны тухай хуульд зөрчигдөх нөхцөл байдал үүсч байгаа тул үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2016 оны төсвийн багцад нэмж тусгах буюу бусад зардлаас шийдвэрлэх гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гаргасан, улсын төсвийн санхүүжилт болон концессын гэрээгээр ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд холбогдох төлбөрийг бүрэн олгох зарчим баримтлах гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Г.Батхүү нарын гаргасан, 2016 онд хийхээр төлөвлөсөн шинэ хөрөнгө оруулалтыг багасган, өмнө нь эхлүүлсэн ажлуудаа дуусгах санал мөн дэмжигдсэн юм.

Дээрх гишүүд ирэх онд шаардлагагүй хөрөнгө оруулалтыг тэвчин, гарцаагүй хийх шаардлагатай гэсэн хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлэн, өмнө нь эхлүүлсэн ажлаа дуусгах нь зүйтэй гэж хэлсэн. Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.