УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга нар мэдээлэл хийв
Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга
2015.11.02

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга нар мэдээлэл хийв

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга нар өнөөдөр /2015.11.02/ Монгол Улсын Засгийн газраас санал авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хүргүүлэх гэж буйтай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийх үеэр, өнөөдрийн хэвлэлийн хурал зохион байгуулах болсон шалтгаан нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барих гэж буйтай холбоотой юм гэлээ. Уг төсөлд, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК эзэмших нь зүйтэй гэж үзсүгэй.

Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцөлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит "Монголын төмөр зам" ХК эзэмших нь зүйтэй. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний эзэмшиж буй хувьцаа эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээнд тусгах нь зүйтэй хэмээн онцоллоо.

УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлэхдээ, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахад бид улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ард түмэндээ ашигтай байхаар уг төсөлд Улсын Их Хурлын 40 гишүүн гарын үсэг зурж өнөөдөр Засгийн газарт өргөн барих гэж байна гэлээ